Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийг орон даяар хэрэгжүүлж, 21 аймаг тус бүрээс нэг залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай монгол гэрийг хандивлаж байгаа билээ. Тэрбээр 7 дахь аймагтаа буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж, Өлзийтийн 4 дүгээр багийн иргэн Н.Ууганбаярын гэр бүлд өргөө цагаан гэрийг олголоо.
Арвайхээр сумаас 27 өрх айлын материалыг төслийн хамт олонд илгээснээс “Өв-Ур брэнд” бүтээгдэхүүнээрээ олны талархлыг хүлээдэг, хөдөлмөрч, бүтээлч залуу гэр бүл Н.Ууганбаярынх шалгарсан байна. Тэднийх Улаанбаатар хотоос аймагтаа ирж суурьшсан гурван жилийн хугацаанд бэлэг дурсгал болон өрхийн хэрэгцээний 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийнхөө брэндээр тамгалж гаргажээ.
Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, “Хангамж групп”-ын захирал Н.Батхүү нар “Бүрэн Монгол” төсөлтэй хамтран ажиллаж, өргөө гэрээ барин амьдран суух хашааны газрыг олгон бүрэн хашаажуулж өгөхөө илэрхийллээ. Мөн “Дашваанжил” ХХК-иас газын иж бүрдлийг олгов.
Гэрийн эзэгтэй Б.Жагдагсүрэн “Зөвхөн бид хоёр баярлаад зогсохгүй, хояр талын аав, ээжүүд, настнуудаа баярлуулсан сайхан буянтай ажлыг түгээж байгаа Н.Бүрэнтөгс аваргадаа баярлалаа. Энэ бол бидэнд өгч байгаа том дэмжлэг төдийгүй үүрэг хариуцлага учраас цаашид хичээж, үлгэрлэж ажиллана” гэлээ.