Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс оросын “Верстка” сэтгүүл, украины FreeДом ТВ, “unian.net” сайтын мэдээ болон украины шинжээч Михаил Чаплыга, оросын хуульч Николай Полозов, америкийн “ITN” ТВ-ийн Эмма Берроус нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украинд дайны гал дүрэлзээд 180 дахь өдрөө үдэж байна. Украины Донецк, Харьков, Днепропетровск, Николаев мужууд Оросын их бууны бай болж, энгийн иргэд энгийн хот суурин өртсөөр байна. Гэвч 180 хоноход Орос нь Донецкийг бүрэн эзэлж чадаагүй, дөнгөж талд нь үхэлдэн байлдсаар өнөөг хүргэжээ. Долдугаар сараас хойш сар хагасын дайнд ОХУ-ын Зэвсэгт хүчин Украинд ганц км ч давшсангүй. Явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа нь ч нэг л биш боллоо. Кремлийн суртал нэвтрүүлэгчид Оросын ТВ-ээр хамаг даралтаа хөөргөн хашгачаад нэмэр алга. Фротын аль ч хэсэгт Оросын цэрэг бэхжих нь бүү хэл урагшаа хөдлөх тусмаа хохирол амсана. Крым нь дайнд татагдаад орчихсон, шөнө болгон дэлбэлэлт тэсрэлт. Бүр Хар тэнгисийн флотын тав штабаа дэлбэлүүлэх дөхлөө. Крым дэх тэсрэлт дэлбэлэлтийг тоолж гүйцэхгүй боллоо. Крымээ чөлөөлөх ажиллагаа эхэллээ хэмээн Киевт мэдэгдэнэ.
Хариуд нь Оросын хэлдэг ярьдаг бүр шал өөр. Орос ялахгүй нь тодорхой болмогц энх тайвныг зарлан Украинтай ямар ч үнээр болов хэлэлцээний ширээнд суух, эс зөвшөөрвөөс Украины нутаг дэвсгэр рүү олон зуун пуужин, олон зуун нисэх онгоцны дайралт хийнэ гэсэн тулган шаардлага тавина. Ер нь пуужин бөмбөгийн цохилтоор тус орныг эрүүл газаргүй болтол бөмбөгдөн Днеприйн гүүрийг дэлбэчинэ, цахилгаан станцыг нь сөнөөнө, Николаев, Одесс хот мужуудыг эзлэн авна гэхчлэн заналхийллийг урсгана.
Оросын армийн ялагдашгүй, ямагт ялж байдагт итгэх явдал оросын иргэдийн дунд суларлаа. Арми нэг л явцгүй боллоо гэдэг нь энэ хагас жилд харагджээ. Дайнд явахаас татгалзах, бултах, цэргээс оргох явдал хэрээс хэтэрчээ. “Верстка” сэтгүүлд бичсэнээр, оргосон 1800 цэргийн албан хаагч Украины нутаг дэвсгэрт очиж байлдахгүй гэжээ. Командлал нь ямар ч хамаагүй аргаар тэднийг дарамтлан фронт руу нь буцаах гэж шахаад нэмэргүй. Командлалдаа улс төрийн дээгүүр шаардлага тавиагүй, зүгээр л ердийн шаардлагууд тавьжээ. Хүнс хоол дутуу, хохирол маш их, хамт явсан нөхөд нь алагдаад дууссан, дээрээс нь ганц хоёр тосгон суурин чөлөөллөө гэсэн чинь нутгийн украинчууд найрсаг бусаар маш дайсагнан үзэн ядаж угтлаа, иймд армиас сайн дураараа халагдъя гэжээ.
Гэтэл армиас зугтагсдыг нь буцааж байлдуулах маш болхи арга хэрэглэнэ. Ердөө л изолятор гэх шорон руу илгээчихнэ. Луганск мужийн Брянка хотод цэргээс зугтагсдын төв байгуулсан, бүх талын дарамт учруулна, шоронг ЧВК “Вагнер”-ын хөлсний цэргүүд манана. Десантын цэрэг Павел Филантьев “ZOV” нэртэй намтарчилсан туужаа хэвлүүлсний дараа фронтыг орхих явдал өргөжив. Тэрээр Херсоныг дайрах ажиллагаанд оролцсоныхоо дараа шал утгагүй цуст ажиллагаанд оролцсоноо мэдэрч, оросын армийн командлалыг шүүмжилжээ. Одоо Филантьев Оросоос дүрвэн гарчээ.
Оросын армиас зугтагсад тусдаа анги салбар байгуулж Оросынхоо эсрэг босч ирсэн тухай элдэв мэдээ сайтуудаар дүүрэн. Тэр ч бүү хэл Оросын армиас хэргээр оргож Украины талд ороод тэндээ “Оросын эрх чөлөө” (“Свобода России”) гэх тусгай легион байгуулан оросуудынхаа эсрэг байлдаж байгаа хэдэн зуун орос дайчны тухай мэдээ тархав. Хоёр сарын өмнө Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Алексей Арестовичийн мэдэгдэж байснаар энэхүү Легион нь бүрэн зэвсэглэж сургуулилсан 250 цэрэгтэй болсон, шинээр элсэгчид гуравдахь орноор дамжин очиж байгаа aжээ.
Легионы тухай Москва, Санкт-Петербург, Эрхүү, Екатеринбург, Волгоград, Новосибирск, Хабаровск, Улаан-Үд, Владивосток, Саранск, Архангельск, Ставрополь, Краснодар, Сочи, Ростов-на-Дону, Псков хотуудад тархаж, Украин руу дайтахаар цэрэгт татагдаж явбал тэр легион руу оргож очно гэсэн бодолтой залуус мэр сэр гарч ирсэн сурагтай. Украины дайныг эсэргүүцвэл шоронд 12-20 жил суулгана, 500 мянган рублиэр торгоно гэсэн зарлиг В.Путин гаргасны дараахан энэ Легион Украины нутагт байгуулагджээ. Цэргийн тусгай ажиллагаа эхлээд гурав дахь 7 хоногтоо (гуравдугаар сарын 11) орж байхад Легионы тухай анхны мэдээлэл таржээ. “Цэргийн гэмт хэрэгтэн” Путины төлөө бус, харин түүний эсрэг дайнд нэгдэхийг орос цэргүүддээ уриалсан уриалгыг оросын армиас оргосон цэрэг, түрүүч, ахлагч, офицеруудыг төлөөлөн нэр усгүй гаргаж, дэлхийн хэвлэл мэдээллийн далай руу цацжээ. Харин гуравдугаар сарын 30-ны мэдээгээр энэхүү Легион нь ОХУ-ын армиас сайн дураараа татгалзсан нэг суман цэргийн бааз дээр буй болж өргөжсөн гэжээ. Дөрөвдүгээр сарын 5-нд нүүрэндээ багтай хэсэг орос залуус хэвлэлийн хурал “Интерфакс-Украина” хэвлэлийн төвд зарлан Легионы зорилго үйл ажиллагааг дэлхийд танилцуулжээ.
Легионы бэлгэ тэмдэг нь латины “L” үсэг. “Legion ба Liberty” гэсэн утгатай. Легионы холын зорилго нь Путины дэглэмийг түлхэн унагаж, “Шинэ Орос”-ын төлөө тэмцэх хэмээн зарласан ба Шинэ Оросын эрх чөлөөт хүний эрхэмлэх үнэт зүйлийг оройдоо зална, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ирээдүйгээ чөлөөтэй сонгох эрх чөлөөг тийм үнэт зүйлд тооцно гэжээ. ОХУ-ын 1991 оны хил дотор нь нэгдмэл, салшгүй төрт улс гэдгээр хадгалан бэхжүүлнэ, харин Крым ба Севастополийг чөлөөлж Украинд нь буцааж өгнө, Украиныг хэсэглэх хуваах, Украинаас аль нэг бүс нутаг нь салж гарахыг зөвшөөрөхгүй гэжээ.
“Legion ба Liberty” армитай хамт Белоруссын сайн дурын анги салбар тусдаа байгуулагдан дайнд оролцож байна. YouTube дэх легионы мэдээллээс үзвэл энэхүү армийн тоо геометрийн прогрессоор өсч, Оросын хотуудаас залуус сэмхэн тийшээ зүглэж байгаа аж. Заавал Украинд очиж байлдаж олзлогдох шаардлагагүй, өөр очдог зам сүлжээ олон бий, зарим нөхөд бүр нүүрээ нуухгүйгээр ил уриалан ярьдаг болж байна. “Газпромбанк”-ийн дэд ерөнхийлөгч Игорь Волобуев гэдэг нөхөр тэнд дайчин замнал туулж байгаагаа сайрхан ярьж харагдав. Өмнөд Осетын Цхинвалд алба хааж байсан цэргийн албан хаагч Анатолий Зыренов, Иван Мыльников, Чечениэс очсон дайчин Алексей Скамейкин, Николай Очерин, Николай Шишкарей, Дмитрий Пустоветов, Ростовын Анатолий Семекин, Курскийн Сергей Косик, Уссурийскийн Максим Лесниченко нар Украины фронт дээр тодорч, оросуудынхаа ярианы сэдэв болсон байна. Бас орос бүсгүйчүүл Легионд олон байна. Кадыровчууд нөхрийг нь буудаж алснаас үүдэн Оросын эсрэг Украины талд байлдах болсноо хар масктай нэг бүсгүй ярьж байв. Хүү нь “Москва” крейсертэй Хар далайд живсэн усан цэргийн аав Дмитрий Шкребц Легионд элссэнээ зарлажээ.
Махан таташ болж их бууны зуушинд явахгүй гэсэн хөдөлгөөн Оросын армийн дотор өрнөснийг хуульч Николай Полозов мэдээлэхдээ ноцтой олон баримт дэлгэв. Тоглоомын “Л/ДНР” гэх хоёр улс, мөн Крымээс эрчүүдийг хуу татаж цэрэг болгоод Украины галын өөдөөс илгээнэ, цэрэгт татлагаа “гибрид дайчилгаа” гэж оросууд нэрлэнэ, асар их мөнгө амлана, илгээнэ, цаадуул нь үхнэ, амласан мөнгө эргэж олдохгүй, дараагийн гибрид дайчилгаа явуулна, давтагдана. Кремлиэс эзлэгдсэн нутгийн эр хүйстнүүдийг хэргээр цөөлж байгаа бодлого хэмээн Полозов нэрлэжээ. Тэр ч бүү хэл эзлэгдсэн нутагт эрчүүд хаана нуугдаж байгааг илчилч зааж өгсөн тохиолдолд 60 мянган рубль төлнө гэсэн зар явж байгаа аж. Энэ тухай Луганск мужийн цэргийн захиргааны тэргүүн Сергей Гайдай ярьж байна. Эрчүүд нь дүрвээд алга болсон, эсвэл дайнд алагдчихсан, оросуудыг орж ирэхэд эр хүн гэж бараг байхгүй болчихсон байхад л “60 мянган рублиэр мэдээлэл худалдан авна” гэсэн зар тараагаад байна. Энэ мөнгөний төлөө хүний мөн чанар жинхэнээсээ харагдах ба албан хүчээр баривчлагдаад явсан эрчүүдээс юу ч хүсээд горьдоод нэмэргүй, “Явж тэр украиныхаа суманд үх!” гэсэн ганцхан тулгалтаас өөр юу ч алга гэж Гайдай ярьжээ.
Оросын дайн гэж ийм дээрээ тулсан, сум галт хэрэгсэл дууссан, энд тэндгүй үхлээ хүлээсэн өлөн цэргүүд, фронт гэж хоосорсон дүр зураг харагдаж байх ба давшилт чөлөөлөлт гэдэг нь үлгэрт гардаг үзэгдэл болж үлджээ. Америкийн тагнуулын мэдээ, сансраас авсан зургаар бол оросын зэвсгийн агуулахууд хоосорсон, дундарсан зураг харагджээ. Сум галт хэрэгсэл дуусна гэдэг Оросын армийн давшилт хийгдэхгүй сар гаруй хугацаанд хориглон байлдаж байгаагийнх нь шалтгаан аж. Батальон-тактикиийн бүлгүүд дахин эмхлэн байгуулж байгаа ч ялалт хангах найдвараа бүрэн алдсан байна. Одоо бол зүгээр л марафонд оролцоно, тэр нь хагас жил улиг болсон давшилт, асар их хохирол, хориглолт, давшилт гэсэн циклтэй.
Одоо бүр аргаа барахдаа “СССР” гэсэн хаягаар эцсийн аргаа хэрэглэхээр Орост шийджээ. “1945-1991 оны хил дотор нэгдмэл эх орноо сэргээн байгуулах”-ыг шаардсан гарын үсэг цуглуулах ажил өрнүүлэхийг эрх баригч “Нэгдмэл Орос” нам, сөрөг хүчний ОХУКН-аас санаачлахыг үүрэгджээ. Орон нутгийн намын байгууллагууд нь тийм хүсэлт бүхий захидлыг ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Төрийн Думын удирдлага, ОХУ ба Белоруссын Холбооны Улсын Төрийн Зөвлөлийн гишүүдэд хандан өргөн барих юм байна. Араас нь СССР-ийн Ерөнхийлөгч, ЗХУКН-ын ЕНБД дарга байсан Горбачёвыг ОХУ-ын Шүүхэд өгч ял сонсгоно гэжээ. Гарын үсэг цуглуулах ажлыг ОХУ, Украин, Гүржийн эзлэгдсан нутаг, “Приднестровье”, Гагауз, Беларусь даяар явуулна гэжээ. СССР-ийн төлөө тулалдаж яваад амиа өргөсөн гэх 1974 оны гэрчилгээ олгож эхэлсэн нь цаас, хэвлэх зогссондоо биш “Зөвлөлт Холбоот Улсыг сэргээхийн төлөө Украинд амиа өргөсөн оросын цэрэг” гэж харуулах суртал ухуулгын зорилготой ажээ.
Орос, Англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь