“Япон Фестиваль 2022” зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь Япон улсын өв соёлыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зориоготойгоор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд байрлах WHITE ROCK CENTER-т зохион байгуулагдлаа. Уг фестиваль нь Японы орчин цагийн поп соёл болон уламжлалт соёл урлаг, бараа бүтээгдэхүүн, техник технологи, үйлчилгээ зэргийг үзэж сонирхон Япон улсыг бүрэн мэдэрсэн, маш сонирхолтой үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 1970 онд Монголд гарч байсан “Хайрын улирал” нэртэй Япон киноны дууг дуулсан дуучин Кон Ёоко, хүүхэд залуучуудын сайн мэдэх “Чака Ланд” хамтлаг, Илбэчин “Piace” зэрэг олонд танигдсан Япон уран бүтээлчид ирж оролцлоо.
Мөн тус өдөрлөгт нийт 25 байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар Монгол улсын Хүнсний аюулгүй байдал, хангамжийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ЖАЙКА-ийн төсөл болох “ ХАА-н салбарын нэмүү өртөгийн мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл, “Шинэ брэнд ургац (сонгино) тариалалтаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх, хүнсний нэмүү өртгийн сүлжээ байгуулах” төслүүдийн хүрээнд Япон сортоор тариалсан хэмх, лооль, сонгино зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн танилцууллаа. Мөн ЖАЙКА-ийн сайн дурын гишүүд маань хүүхэд залуучуудад Юката өмсөж үзэх булан ажиллуулсан нь олны таашаал хүртсэн үйл ажиллагаа болсон юм.
Энэхүү фестивальд нийт 2 өдрийн турш 11,000 хүн оролцсон бөгөөд өргөн цар хүрээг хамарсан маш сонирхолтой арга хэмжээ болж өндөрлөлөө гэжээ.
Эх сурвалж: Жайка Монгол