Монгол Улсад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг бууруулахын тулд нярайн түнхний дутуу хөгжил, мултралыг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор 2007 оноос "Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл" (SMOPP)-ийн хүрээнд нярайн түнхний хэт авиан скрининг оношилгооны чадамжийг сайжруулах чиглэлээр эмч нарын баг хамтран ажиллаж эхэлсэн.
Төсөл хэрэгжих 14 жилийн хугацаанд нийт 600000 гаруй шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулсан ба түнхний үений физиологийн дутуу хөгжил оношлогдсон 60000 гаруй нярай давтан үзлэгээр хянагдаж бүрэн эдгэрсэн. Мөн 5000 гаруй нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлсэн.
Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд бодит үр дүнг гарган ажиллаж буй энэхүү төслийн үйл ажиллагааг дэмжин цаашид үргэлжлүүлэн ажиллахаар Эрүүл мэндийн яам, "Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл" хоорондын хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, SMOPP төслийн дэд ерөнхийлөгч, Швейцарын Хүүхдийн хэт авиан нийгэмлэгийн ерөнхийлөгч Раоул Шмидт нар гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төслийн багийн гишүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, төслийн хэрэгжилтэнд амжилт хүсэв.
Эх сурвалж: ЭМЯ