8 дугаар сарын 15-ны өдөр, “Коронавируст халдвар ковид-19-ийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ба эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог сайжруулах төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж (түргэн тусламжийн авто машин, ариутгалын шүүгээ, түргэн тусламжийн багц гэх мэт) -ийг Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 2 (Яармагийн эмнэлэг) –т хүлээлгэн өгчээ.
Уг арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-ийн Ерөнхий захирал А.Эрдэнэтуяа болон холбогдох хүмүүс оролцжээ.
Энэхүү төслийн зорилго нь шинэ төрлийн корона вирусээр өвдсөн өвчтөнийг эмчлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эх нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлж уг эмнэлгийн халдварын хяналт, ковидын нөхцөл байдал дахь эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн стандартыг хангаж, Монгол Улсын Ковид-19-тэй тэмцэх чадамжийг сайжруулах явдал юм.
Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ тусламжаар нийлүүлэгдэж буй эдгээр түргэн тусламжийн автомашин болон эмнэлгийн хэрэгслийг үр дүнтэй ашиглаж Монгол Улсын халдвараас урьдчилан сэргийлэх чадамж ба эмчилгээний түвшнийг дээшлүүлснээр ард иргэдийн амар тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна хэмээжээ.