Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid автомашиныг өнөө үед сонгох нь элбэг болсон. Хэдийгээр энэ төрлийн автомашин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй ч түүнээс гарах хаягдал батарейг хэрхэх нь дэлхий нийтэд асуудал дагуулж байна. Манай улсад ч энэ асуудал тулгамдаж байгаа юм.
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр "Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзжээ.
Байгаль, экологид хортой, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хаягдал батарейг хоргүйжүүлэх, сөрөг нөлөөллийг нь бууруулах тал дээр хамгийн гол нийлүүлэгч болох тус компанитай хамтран ажиллахаар санал солилцож, дараа дараагийн уулзалтуудыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар тогтлоо.
Шадар сайд, Манай улсад жилд 80 мянга гаруй автомашиныг Япон улсаас оруулж ирдэг. Энэ нь жилд дунджаар 300 сая ам.доллар гадаад зах зээл рүү урсаж байна гэсэн үг. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Хосолсон хөдөлгүүрт автомашиныг сонгох иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх ч нөгөө талаасаа хаягдал батарей их хэмжээгээр хуримтлагдаж буй нь бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна. Манай улсад энэ төрлийн хаягдлыг устгах, дахин боловсруулах боломж, нөхцөл одоогоор байхгүй.
Тиймээс “Тоёота моторс” корпораци гол нийлүүлэгчийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал батарейг дахин боловсруулах, сөрөг нөлөөллийг бууруулах асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна.
Монгол Улсын Засгийн газраас ч энэ чиглэлд анхаарч, Автомашин импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой шаардлага тавих болно.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын Их хурлаас төлбөрийн тэнцлийн асуудалд ихээхэн анхаарч ажиллаж буй. Энэ хүрээнд томоохон импортлогч компани, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах тал дээр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Ноён Ясуо Оучи, Монгол Улс жилд гибрид хөдөлгүүртэй 60 мянган автомашин Япон улсаас импортолж байна. Хэрэглэсэн батарейг аюулгүй болгох, хог хаягдалд нийлүүлэх нь Япон улсад маш сайн хяналттай байдаг. Гэтэл хилийн чанадад гаргасны дараа хяналтаас гарчихдаг. Энэ бол бидний анхаарч шийдэх ёстой асуудлын нэг гэжээ.