Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез улсын Ёогякарта хотноо энэ сарын 7-15-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн Д.Өсөхбаатар багштай оролцсон "Нэст Эдүкэйшн" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медаль хүртэв. Энэ нь Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас авч буй Монгол Улсын 7, 8 дахь медаль болж байна.
Энэ жилийн олимпиад хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 90 орны 357 хүүхэд, залуус авьяас чадвараа сорьсноос 269 нь Индонезид очиж, харин 88 нь эх орноосоо онлайнаар оролцжээ.
Монгол Улсыг төлөөлөн "Нэст Эдүкэйшн" сургуулийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, "Сант" сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, "Сэлбэ" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг тус олимпиадад оролцсон юм.