Л.Энх-Амгалан: Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэлснийг тус яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Үндэсний цахим шуудан нь 16-гаас дээш настай хүн бүрд e-Mongolia системээр дамжуулж цахим шуудан нээж өгч буй юм. Ингэснээр иргэн төртэй шууд харьцах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Тухайлбал, гадаад паспортын хугацаа дууссан иргэдэд, “Таны гадаад паспортын хугацаа дууслаа” гэсэн сануулгыг цахим шуудангаар илгээх юм. Мөн иргэний үнэмлэхний хугацаа дууссан, татвар төлөх цаг болсон, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг үед ч сануулга илгээх аж.


Сайд Л.Энх-Амгалан, “Үндэсний цахим шууданг бий болгосноор иргэд яам, Тамгын газрын үүд сахих бус өөрийн хэрэгцээтэй мэдээлэл, санал хүсэлтийг цахимаар илгээж хариу авах боломж бүрдэж байна. E-Mongolia-д өнөөдрийн байдлаар төрийн 680 орчим үйлчилгээг нэгтгэсэн бөгөөд орон нутгийн төрийн байгууллагын үйлчилгээг нэгтгэхээр ажиллаж байгаа. Бид e-Mongolia-гаар цэцэрлэгийн бүртгэл хийж байна. Сургуулийн бүртгэлийг мөн цахимаар хийх юм” гэлээ.


Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэний мэдээллийг тухайн хүнд мэдэгдэхгүйгээр ашиглахыг хориглоно. Тиймээс иргэний мэдээллийг ямар төрийн байгууллага ашигласныг мөн цахим хаягаар илгээх аж.