Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр арилжааны банкуудын төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтад Монголын банкны холбоо, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Капитрон банк, М банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл оролцсон юм.
Цахим хөгжлийг дэмжих багц хууль энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уулзалтаар иргэдэд банкны үйлчилгээг цахимаар хүргэх, банк нь e-mongolia-с олгож буй баримт бичгийг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудал, шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим бичиг баримтыг цаасан бичиг баримтын нэгэн адил үзнэ хэмээн заасан байдаг ч бусад хууль тогтоомжид энэхүү зохицуулалт ороогүйгээс үүдэн, арилжааны банкууд заавал иргэний бичиг баримтыг шаардах тохиолдол байдаг аж. Иймд цаашид холбогдох хууль эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах нь чухал болоод буйг банкуудын төлөөлөгчид онцолсон юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран банкны салбар дахь цахим шилжилттэй холбоотой үүсээд буй хүндрэл гацаа болсон хууль эрх зүйн асуудлыг ирэх намрын чуулганаар шийдвэрлэхэд хамтран ажиллах болно гэдгийг онцлов.