"Бөмбөрцгийн Сүмбэ" хүүхдийн байгууллагаас "Аюулыг авдарлая-1" уралдааныг 21 аймагт энэ сарын 16-наас есдүгээр сарын 16-ныг хүртэл хугацаанд зарлав.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд энэхүү уралдааныг дэмжин, хамтран ажиллаж буй юм байна. Энэ ажлын хүрээнд 21 аймагт хог хаягдал болсон тамхины ишийг түүх, холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
"Аюулыг авдарлая-1" уралдааныг хавдар, харшил зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог, байгальд уусаж шингэдэггүй хуванцраас бүтсэн, хурдан бутардаг зэрэг сөрөг үр дагавартай тамхины ишийг өөрийн амьдардаг гэр, байр, хашаа, гудамж, тоглоомын талбай, голын эрэг орчмоос түүж савлан орчноо цэвэрлэх, цаашлаад татсан тамхины ишээ шууд савлаж сургах зорилгоор зохион байгуулж буй аж.
Хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулах юм байна. Аймаг, сумын иргэд нас, хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно.