БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ албан даалгавар гаргалаа. Тус албан даалгавар нь "Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, стандарт шаардлагад нийцсэн нийтийн ариун цэврийн байгууламжийг 2022 оны 11 сарын 1-ний өдрөөс өмнө байгуулах" тухай юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд "Хог хаягдлын тухай хууль"-ийн 10 зүйлийн 10.3.6 дах заалтад "... аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно" гэж заасныг хэрэгжүүлэн хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонг буулгана. Мөн нүхэн жорлон ашигласны улмаас хөрс, усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэх тул яаралтай нөхөн сэргээх, байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах төвийн шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламж, байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгуулах гэжээ.
Түүнчлэн, иргэд үйлчлүүлэгчдийг нийтийн ариун цэврийн байгууламжид чөлөөтэй үйлчлүүлэх боломжоор хангах, стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах, байгальд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйлдэл гаргахгүй байхыг тус тус даалгасныг тус яам мэдээлэв.