Тус эмнэлэг Эрүүл Мэндийн Сайдын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зорилтот үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ удаа тус эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн дүрс оношилгооны эмч болон компьютер томографийн оператор инженерийн бүрэлдэхүүнтэй баг 08 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан Компьютер томографийн оношилгооны иж бүрэн аппаратын тогтвортой үйл ажиллагааг хангах, ашиглалтыг сайжруулах чиглэлээр газар дээр нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллах, тусламж үйлчилгээний төрөл хүрээг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор богино хугацааны томилолтоор ажиллаад ирлээ.
Томилолтын хугацаанд Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасагт суурилагдсан 32 зүслэгт Siemens Somatom Go.Up аппаратын тодосгогч бодисгүй болон тодосгогч бодистой шинжилгээний протоколуудад тохиргоо хийн, нийт 11 хүнд тодосгогчтой КТ-ийн шинжилгээ (толгой, хүзүү, уушги, хэвлий, доод мөчдийн артерийн судас) оношилгоог хийж аппаратын дүрслэлийг сайжруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тус аймгийн мэргэжлийн эмч, инженер техникиййн ажилтнуудыг ажлын байрны дадлагажуулах сургалтанд хамрууллаа.
Эх сурвалж: ЭМЯ