Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яам болон Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейгээс жил бүр зохион байгуулдаг “Шинжлэх ухаан, технологийн яармаг”-т Монголын үндэсний оньсон тоглоомын үзүүлэнг дэлгэжээ.
“Тайландын шинжлэх ухаан, технологийн яармаг” нь тус улсын оюутан, сурагчид болон шинжлэх ухаан, боловсролын байгууллагын дунд өргөн дэлгэрсэн, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаа юм.
Энэ жилийн яармагий “Урлаг, шинжлэх ухаан, инновац ба тогтвортой нийгэм” сэдвээр зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд Тайландын боловсрол, судалгааны байгууллага болон гадаадын зарим улсын боловсролын байгууллагаас оролцож буй юм. Энэ сарын 13-21-нд үргэлжлэх уг үзэсгэлэн яармагийг цар тахлын улмаас ойролцоогоор 200 мянга гаруй оюутан, сурагч үзэж сонирхоно гэсэн тооцоо гарчээ.
Яармагт тавигдсан Монголын олон төрлийн оньсон тоглоомыг “Оюун ухааны олон улсын музей”-г үндэслэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий урлажээ.
Эдгээр тоглоомыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн 6 дугаар сард Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд зочлох үеэрээ хандивласан юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг