“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль амжилттай болж дуусжээ

Соёлын яамнаас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулжээ.

Фестивалийн нээлт өчигдөр Тэрэлжийн Сайханы саравчид болж, нийслэл болон 21 аймгийн 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч, аймаг орон нутгийн төлөөлөл оролцлоо.

Мөн нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир нар оролцож, фестивальд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, өвлөн уламжлагч нартай уулзав.

Нээлтийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номингийн хамт Соёлын өвийн хүрээгээр зочилж, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд багтах соёлын биет бус өвийн илэрхийллүүд, түүнийг өвлүүлэн уламжлуулах бодлого, арга ухааны талаар өвлөн уламжлагчидтай уулзаж, ярилцсан юм.

Соёлын биет бус өвийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр:


“Монголын соёлын өвийн тээгчид улсынхаа өнцөг булан бүрээс цугалж, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний ялгарал, хэзээ ч үл давтагдах соёлын өвийн асуудлыг чухалчлан харуулж, ярилцаж байгаа арга хэмжээ болж байгаа нь туйлын ач холбогдолтой.

Соёлын өв тээгч та бүхнээр Монгол Улсын Засгийн газар бахархаж, үнэлж байдаг. Та бүхэн бол зөвхөн өв тээгчид бус Монгол Улсын тусгаар тогтнолыг тээгч юм шүү гэж онцлон хэлэхийг хүсэж байна.

Цаашдаа “Нүүдэлчин” фестивалийн цар хүрээг өргөжүүлж, олон улсын хэмжээнд зохион байгуулна. Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний бүлэг нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл байдаг. Өнөөдрийн энэ наадам бол соёлын биет бус өвийн, нүүдэлчдийн, үндэсний эв нэгдлийн наадам юм шүү.

Соёлын салбар авьяас, мэдлэгт суурилсан эдийн засгийн бие даасан салбар болж чадсан цагт л үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодит илэрхийлэл, хөгжил дэвшлийн суурь болох боломж бүрдэхийг дэлхийн жишээ нотлон харуулсаар байна. Үүнийг бид соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж тодорхойлдог.

Оюун санаа, соёл урлаг бол хил хязгаар, орон зайнаас үл хамаардаг хэзээ ч үл шавхагдах баялаг. Тийм ч учраас дэлхий дахинд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болж, жил бүр 2.2 их наяд ам.долларын баялаг бүтээж, 30 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна.

Гэтэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 0.4 хувийг соёл урлагийн салбар бүрдүүлж байгаа нь дэлхий дахины хөгжлөөс хоцорсон туйлын хангалтгүй үзүүлэлт, олон жил соёл урлагийн салбарыг дэмжээгүй орхигдуулсны үр дүн юм.

Монгол Улс далайд гарцгүй орон. Харин соёл урлагийн салбараар дэлхийд гарцтай болох бүрэн боломж бий. “The Hu” хамтлаг үндэсний урлаг, соёл, түүхээрээ дэлхий дахинд шинэ давлагаа болон алдаршиж, эх орноо сурталчлан таниулж байна.

Монгол Улсын Засгийн газраас соёл урлагийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд бүхий л дэмжлэгийг үзүүлж, уран бүтээлчид та бүхэнтэй хамтран ажиллана" гэлээ.

Мөн Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин:


“Алсын хараа 2050 - Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-д Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв болох зорилго тавьж, үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө нүүдлийн соёл иргэншлийг бэхжүүлж, соёлын өвөө өвлүүлэн уламжлуулах бодлогын болон үйл ажиллагааны олон арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлж ирсэн.

Төрт ёсны залгамж халаа энэ цагт улам дэлгэрч, Засгийн газар соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах зорилгоор Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулж, Соёлын биет бус өвийн тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Үүний зэрэгцээ гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулах хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд цар хүрээ, ач холбогдлыг нь олон улсын хэмжээнд тодорхойлж, бүс нутгийн хэмжээнд бусад улс оронд болдог нүүдэлчдийн гэх тодотголтой баяр наадам, фестивальтай эн зэрэгцэхүйц хэмжээнд хүргэхээр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг отог, өртөө хэлбэрээр зохион байгуулж, цаашид тогтмолжуулах ажлын эхлэл нь энэ юм.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн улбаатай бусад улстай харьцуулахад нүүдэлчдийн ахуй амьдрал нь өнөө хэр орчил хөдөлгөөнтэй, бидний соёлын биет бус өвийн хэрэглээгээр өдөр тутамдаа илэрхийлэгдэж байна.

Иймд, Соёлын яам Нүүдлийн соёл иргэншлийн төв болох эрхэм зорилгын хүрээнд соёлын биет бус өвийн судалгаа шинжилгээний ажлыг тогтмол явуулж, нийслэл, 21 аймагт экспедиц ажиллуулж соёлын өвийнхөө баялаг байдлыг, төлөв байдлыг, өвлөн уламжлагчдынхаа нөхцөл байдлыг судлан тодорхойлж байна.

Эдгээр ажлын дүнд Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савд хамаарах 362 өв, улс даяарх 12 мянга орчим өвлөн уламжлагч цаашид нэмэгдэж, Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв гэдгээ соёлын өвийн хэрэглээгээрээ дамжуулан улам бүр бататган харуулна гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн гол нь энэхүү фестивальд Та бүхэн олноор цугласан явдал нь соёлын өвөө таньж мэдэх, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхийн бодит үйл юм” гэв.


Фестивальд нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч 3 хүрээ, 30 өртөө дамжин соёлын өв, өөрсдийн орон нутгийн онцлог бүхий соёлын өвөө сурталчлан танилцуулжээ.

Мөн гурван өдрийн турш 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа болсон юм.

ЮНЕСКО-гоос соёлын биет бус өвийн илрэх гол төрөл хэлбэрийг нь 5 ай савд багтаан үздэг бөгөөд Монгол Улс өөрийн үндэстний онцлогт нийцүүлэн мал маллах арга ухаан, уламжлалт арга ухаан гэсэн хоёр ай сав нэмснээр Монгол Улсад нийт 7 ай савд хамаарах 362 өв байна гэж өнөөдрийн байдлаар бүртгэн хамгаалж, өвлөн уламжлуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 11100 орчим соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч байдаг. Үүнээс Засгийн газрын 2019 оны тогтоолоор 102 өвлөн уламжлагчийг Үндэсний жагсаалтад бүртгэсэн байдаг.












Эх сурвалж: Соёлын яам