Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс уриан дор хэт холын зайд гүйгч сувилагч Б.Алтантуяа бариандаа иржээ


Дорнод аймгийн БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай туулж өнгөрсөн бямба гарагт бариандаа орж иржээ.

“Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн гүйлтийг БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа нийт 23 хоног 720 км замыг туулж 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагт Сүхбаатарын  талбайд бариандаа орж ирлээ. Сувилагч Б.Алтантуяа нь иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, хорт зуршлаас татгалзах, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж хэвшүүлэх, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаж хавдарын эсрэг хамтдаа даван туулах зорилгын дор гүйж Эрүүл мэндийн салбарын ажилчдаа манлайлан өөрийн биеэр үлгэрлэн харуулсан түүхэн үйл явдал боллоо.

Сувилагч Б.Алтантуяад   Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын талархалыг гардуулан өглөө.  Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү, Аймгийн ЭМГ-ын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албадын дарга нар Сүхбаатарын талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.