АНУ-н Засгийн Газар нь АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагаар дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжсээр байна

АНУ-н Засгийн Газар нь АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагаар дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжиж, Монгол улсын тогтвортой эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулсаар байна.
Дархан-Уул аймгийн жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэй Д.Болорцэцэг нь 2021 онд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг USAID санхүүжилттэй BEST хөтөлбөрөөс авч өөрийн даавуун торны бизнесээ дараагийн шатанд гаргахад  шаардлагатай лазер зүсэгч, лого хэвлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдтэй болж чаджээ. Ингэснээр тэрээр олон тооны захиалга гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн компаниудад лого, зураг, дизианы хэвлэл бүхий багц үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Хатагтай Д.Болорцэцэг нь BEST хөтөлбөрийн сургалт, зөвлөгөөнд хамрагдах үедээ BEST хөтөлбөрийн өөр нэг харилцагч болох хатагтай С.Мөнгөнчимэгтэй танилцаж, хамтран ажиллахаар болжээ. С.Мөнгөнчимэг нь Норвеги улсад 15 жилийн турш өөрийн эсгий бүтээгдэхүүнээ экспортлож, гадаад зах зээлд амжилттай ажиллаж байгаа Таймлесс ХХК-н захирал бөгөөд BEST хөтөлбөрийн хүрээнд гадаад худалдаа, хүний нөөц, компанийн засаглалаа сайжруулах зорилгоор сургалт, зөвлөгөөнд тогтмол хамрагддаг нэгэн юм.


BEST хөтөлбөрийн харилцагчид хамтын амжилтын төлөө түншлэл бий болгож Д.Болорцэцэг нь Таймлесс ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зураад ажиллаж байна.  Үүний үр дүнд Д.Болорцэцэг тогтмол захиалгатай болж, орлогоо нэмэгдүүлж, С.Мөнгөнчимэг нь өөрийн компанийн гадаад зах зээл дэх байр сууриа өсгөсөөр байна. Д.Болорцэцэг, С.Мөнгөнчимэг нар нь өөрсдийн хамтын ажиллагааны үр дүнг BEST хөтөлбөрийн дэмжлэг, сургалт зөвлөгөөний үр дүнтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд USAID талархалаа илэрхийлсэн байна.