Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр:

УИХ-ын гишүүн, АН-ын Тэргүүн дэд дарга Д.Ганбат: Их зардалтай хүлээн авалт хийж, цүнх баригч, мөнгөөр угждаг троллуудаа дайлах нь хэрээс хэтэрлээ....Засгийн газар Том төслүүдийг яаралтай хөдөлгөж, ажиллах ёстой...
Монгол Улс зургадугаар сараас эхлэн дэлхийн анхаарлын төвд байлаа. Томоохон айлчлалууд ар араасаа болж, хамгийн сүүлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш айлчлал хийлээ. А.Гуттерешийн хэлсэнчлэн "Миний бие дэлхий дахинд хаа сайгүй түгшүүрийн дохио өгсөн ийм нөхцөл байдалд Монгол Улсад айлчиллаа. Монгол Улс маань энх тайвны бэлгэ тэмдэг улс орон" гэдгийг онцолсон.
Ардчилсан намаас удаа дараа байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийхдээ "Монгол бол НҮБ-ын гишүүн орны хувьд хоёр том хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээгээр найрсаг харилцаатай улс. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа санхүү эдийн засгийн хоригт орж болохгүй" гэдгийг байнга дурдаж байсны үр дүн гарч байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлал болсон. Засгийн газрын түвшинд мэдээлэл бага байна. "Сэлэнгэ-2022" хээрийн сургуулилалтын талаар Засгийн газраас мэдээлэл өгөхгүй байна. Ховд аймагт хэр хугацаанд хэчнээн цэрэг сургуулилалт хийж байгаа талаар алга.
Ойролцоогоор 1300 орчим цэрэг 300 гаруй зэвсэг техниктэй сургуулилалт хийж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан. Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг цухас дурдаад өнгөрсөн.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаар чамлахаар чанга атга гэгчээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хөдөлгөх, нүүрсээ гаргах Гашуунсухайтын замын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш Монголд анх удаа айлчилсан. Манай дипломат албаны олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Өмнө нь НҮБ-ын дөрвөн ч Ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байсан. Бид эрчим хүчний хараат байдлаас салахын тулд Эгийн голын УЦС-ыг тодорхой хэмжээнд НҮБ-аас дэмжихээр болсонд талархаж байна.
Монгол Улс 10 гаруй жил эдийн засгийн хөгжлийн ахиц, дэвшилгүй байлаа. Тиймээс Ардчилсан намын зүгээс том төслүүдийг яаралтай хөдөлгөж, ард түмний эрх ашигт нийцүүлж ажиллах шаардлагатай байна.
Энэ жилийн наадам сайхан болж, Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагаар Чингис хааны эш хөргийг айл болгон залах зарлигийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ баяр наадам ард түмнийх болохоос биш хэдэн дарга нар, цүнх баригчдын баяр биш. Орон нутагт маш их зардал чирэгдэлтэй хүлээн авалт хийж байгааг иргэд дургүйцэж байналээ гэлээ.