Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ээлжит мэдэгдлийнхээ үеэр "Украин болон эрх чөлөөт Европын эсрэг явуулж буй Оросын дайн Крымээр эхэлсэн, Крымээр дуусах ёстой. Крымийг чөлөөлснөөр дуусах ёстой" гэж хэлжээ.
"Оросын булаан эзлэгчид Крымд байгаа нь Европ болон дэлхийн тогтвортой байдалд заналхийлж байна. Крым эзлэгдсэн үед Хар тэнгисийн бүс нутаг тайван байж чадахгүй" гэв. Зеленський "Европ тивийн хамгийн сайхан газруудын нэг байсан манай хойгийг Орос хамгийн аюултай газар болголоо. Орос Крымд асар их дарангуйлал, экологийн асуудал, эдийн засгийн мухардалд оруулж, дайн өдөөсөн" гэжээ.
Украины хотуудад цохилт өгөхөд ашиглаж байсан Крым дахь Оросын агаарын баазад томоохон хэмжээний дэлбэрэлт болсны дараа Зеленський тус мэдэгдлээ хийсэн байна.
Ерөнхийлөгч болон Украины албаны хүмүүс уг үйл явдалд Украины зэвсэгт хүчин оролцсон гэж мэдэгдээгүй ч Оросын "Саки" агаарын баазад хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан нь Украины цохилтоос үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Зеленський "Украин улс Крымийн хойгийг чөлөөлөхөөр зүтгэж байгаа нь нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна Украины уугуул иргэдийг нутагтаа буцаж очихын төлөөх тэмцэл юм" гэжээ.
"Бидний бодсоноор болно гэдэгт би итгэж байна. Бид Украины Крымд буцаж очно гэдгээ мэдэж байна. Мөн үүнд тусалж буй манай бүх түншүүд болон олон улсын байгууллагуудад би талархаж байна" гэж Зеленський төгсгөлд нь хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС