Өсөн дэвших сэтгэлгээ

Зарим хүмүүс бусдаасаа илүү мэдлэг чадвартай, зарим нь үеийнхнээсээ илүү амбицтай, зорилготой, зарим нь төрөлхийн юмыг хурдан сурдаг, тогтоодог авяастай байдаг. Гэвч эдгээр чанарууд нь хүн бүрт тэгш хүртээгүй, адилхан байх албагүй.
Хүнд 2 төрлийн сэтгэлгээ байдаг. Нэг нь тогтмол сэтгэлгээ, нөгөө нь өсөн дэвших сэтгэлгээ юм.

Сэтгэл судлаач Карол Дэвик анх энэхүү дэвшилтэт сэтгэлгээний талаар гаргаж ирсэн бөгөөд энэхүү сэтгэлгээ нь хүний оюуны багтаамж, аливааг харах өнцөг нь өсөж дэвшээд л байх боломжтой байдаг гэж үзсэн. Тогтмол сэтгэлгээг халж өсөн дэвших сэтгэлгээг өөртөө бий болгосоноор хүмүүсийг илүү амжилттай байлгаж болно хэмээн нотолсон байдаг.

Карол Дэвик нь өөрийн багийн гишүүдийн хамт хүмүүсийн сэтгэлгээг сорьсон судалгаанд “Чиний оюун ухаан бол бага, чи ямар нэгэн зүйлийг өөрчлөхөд их юм хийж чадахгүй” гэсэн утга бүхий асуумж тавьжээ. Үүнд: Өсөн дэвших сэтгэлгээтэй хүмүүс нь “Үгүй ээ, тийм биш” гэж хариулж байсан бол тогтмол сэтгэлгээтэй хүмүүс нь “Тиймээ, би муу” гэж хариулсан байна.

Өсөн дэвших сэтгэлгээ нь тогтмол сэтгэлгээнээс ялгаатай. Тогтмол сэтгэлгээ нь ямар нэгэн хандлагад, итгэл үнэмшилд нь хязгаар байдаг буюу өөрөөр хэлбэл оюуны чадамж нь утга учиртайгаар өсөж дэвших боломжгүй сэтгэлгээ юм. Жишээ нь: Болж буй зүйлийг илүү сөргөөр харах, хүлээж авах, бүтэмжгүй хэмээн тооцож сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах нь элбэг юм.
Харин өсөн дэвших сэтгэлгээтэй хүн өөрийгөө хөгжүүлэх чадвартай, өөртөө тулгарсан төрөл бүрийн бэрхшээл, өөрчлөлтөд бууж өгөхгүй, тэмцдэг. Яагаад гэвэл тэд өөртөө тулгарсан асуудлыг “Энэ бол байдаг л зүйл, энэ бол намайг сорьж байгаа, би илүү сайн байх ёстой” гэж бодож чаддаг. Жишээ нь: Амьдралд тулгарсан, болж өнгөрсөн зүйлээс сайныг нь мөн сургамжтай, эерэг дурсамжуудаа түүж боддог мөн өөртөө талархдаг.
Өсөн дэвших сэтгэлгээг хэрхэн бий болгох вэ?

1.Хүн өөрөө нийгмийн амьтан. Нийгмээс суралцаж, өөрийн үнэ цэнийг мэдэрч, туршлагажиж байдаг. Тиймээс их, бага ямар нэгэн бүлэгт хамаарагдаж өөрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаараарай.

2.Аливаа зүйлийг олон өнцгөөс харж сурах чадварт суралцах. Өөрөөр хэлбэл юмсыг олон талаас нь эерэгээр харж, тайлбарлах чадварыг суулгахыг хичээгээрэй.

3.Уран зохиолын ном унших. Энэ нь таныг олон арван мэргэжилтэй, өөр өөр зан араншинтай, байр суурьтай, өөр өөр насны мөн хүйсийн хүмүүстэй уулзуулж, аливааг харах өнцөгт тань нөлөөлөхөд тусална.

4.Хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэх буюу өөрийгөө болон юмсыг хөгжилтэй, шооч, дэмжсэн байдлаар хүлээн авдаг байхыг зориорой.