2022 оны 8 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Вашингтон ДиСи хотноо Хойд Америк дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн "St. James" спортын ордонд амжилттай болж өндөрлөжээ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд нар оролцож үг хэлжээ.
Энэ удаагийн тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг Америк дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Канад дахь Монголчуудын төлөөлөл нэмэгдэн оролцож Хойд Америк дахь Монголчуудын тэмцээн болж өргөжсөн, анх удаагаа өсвөрийн залуу тамирчдын ангиллыг нэмж оруулсан, ахмадын болон насанд хүрэгчдийн тэмцээнийг нэг дор зохион байгуулсан зэрэг олон онцлог үйл явдлаар дүүрэн тэмцээн байжээ.
Тэмцээнийг Б.Чойжилсүрэн тэргүүнтэй “Hero Academy”-ий хамт олон Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд Сан Франциско, Чикаго, Лос Анжелес, Денвер, Сиатл, Небраска, Сакраменто, Юта, Вашингтон ДиСи-гийн нийт 64 багийн 600 гаруй тамирчид Вашингтон ДиСи хотод хуран цугларчээ Тэмцээнийг зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүд, сайн дурын ажилтнууд, оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье гэжээ.