Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан 12 дахь удаагийн “Зам-2022” хамтарсан дадлага, сургалт амжилттай үргэлжилж байна. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн явагдаж байгаа энэ удаагийн сургуулиар Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нарыг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцохоор онол, дадлагын хичээлийг 20 гаруй хоногийн хугацаатай явуулж байна.
Сургалт, дадлагын нэгдсэн төлөвлөгөөний дагуу хоёр улсын цэргийн алба хаагчдад өөр өөрийн орны түүх, соёл уламжлалыг сурталчлах, спорт, соёл хүмүүжлийн ажлууд явагдаж байгаа бөгөөд 8 дугаар сарын 6-ны өдөр “Бэсрэг наадам” болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулагдав.
Монгол соёл уламжлалаа сурталчилсан “Бэсрэг наадам”-аар Япон Улсын инженерийн цэргүүд үндэсний дээлээр гоёж, бөх барилдаж, сур, шагай харваж, үндэсний хоол, айраг цагаан идээ зооглон нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.
Тэд “Монголчууд агуу түүх, уламжлалтай ард түмэн. Үндэсний уламжлал нь дахин давтагдашгүй сонирхолтой өв соёл юм. Монгол цэргүүдтэй хамтран ажиллаж байгаадаа бид баяртай байна. Монгол цэргүүдийн суралцах чадвар өндөр, оновчтой шийдвэр гаргахдаа тун сайн” гэж тодорхойлж байв.
Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын цэргийн алба хаагчдын нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж, гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, тэдний нөхөрлөлийг бататгахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
"ЗАМ-2022" СУРГАЛТ, ДАДЛАГЫН СОЁЛ, СУРТАЛЧИЛГААНЫ БҮЛЭГ