"Batgirl" Киноны зураг авалт дууссан ч дэлгэцэнд гарахаас татгалзжээ

Warner Bros. компани "Batgirl" киног дэлгэцэнд гаргахаас татгалзсан байна. 70 сая долларын хөрөнгөөр бүтсэн уг киноны зураг авалтыг Шотландын Глазго хотноо хийсэн бөгөөд оны эцсээр дэлгэцэнд гаргахад бэлэн болсон байжээ.

Кино дуусах шатандаа орсон байхад нь дэлгэцэнд гаргахаа зогсооно гэдэг маш ховор тохиолдол аж. Уг киноны уран бүтээлчид болон үзэгчид дээрх шийдвэрт маш их цочирдсон байна. Тус киноны гол дүр болох DC Comics-ын Барбара Гордон буюу Бэтгёрлын дүрд Америкийн дуучин, жүжигчин Лесли Грэйс тогложээ.

Warner Bros-ийн албан ёсны мэдэгдэлд "Компанийн удирдлага стратегийн өөрчлөлт хийсэн" гэж тайлбарлав. Тус компанийн төлөөлөгч "Batgirl-ыг гаргахгүй байхаар болсон нь DC болон HBO Max-ийн бодлого өөрчлөгдсөнтэй холбоотой. Лесли Грейс бол гайхалтай авьяаслаг жүжигчин бөгөөд түүний жүжиглэлтээс болж ийм шийдвэр гаргаагүй. Бид киноны уран бүтээлчдэдээ маш их талархаж байна. Мөн ойрын ирээдүйд бүгдтэй нь дахин хамтарч ажиллана гэж найдаж байна" гэж мэдэгджээ.

Warner Bros компани 2021 оны тавдугаар сард Discovery-тэй нэгдэж, компанийн шинэ гүйцэтгэх захирлаар Дэвид Заслав томилогдсоны  дараа ийнхүү тус дээрх шийдвэрийг гаргасан байна. The Hollywood Reporter сонинд бичсэнээр, Заслав зардлаа бууруулахаар зорьж, театрт зориулсан бүтээлээс илүүтэй стримингээр гаргах уран сайхны кинонд төвлөрөхөөр болжээ. Мэргэжилтнүүд "Batgirl" кино тус компанийн стратегийн өөрчлөлтийн анхны "хохирогч" боллоо гэв. 

Эх сурвалж: ВВС