Та хүүхдээ шинэ дүүтэй болгох талаар бодож байна уу? Эсвэл шинэхэн дүүтэй болсон хүүхэд тань ойлгомжгүй зан араншин, үйлдэл гаргаад байна уу ? Дээрх асуулт танд тулгарч байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Гэр бүлд шинэ хүүхэд мэндлэх нь мэдээж баяр хөөр, аз жаргалыг авчирдаг. Гэхдээ энэ нь дүүтэй болж буй хүүхдэд айдас, түгшүүр үүсгэж болзошгүй нөхцөл байдал юм. Учир нь хүүхдийн сэтгэл зүй та бүхний мэдэж байгаачлан маш эмзэг. Бага насны хүүхэд насанд хүрсэн хүн шиг өөрийн стресстэй байгаагаа, түгшүүртэй байгаагаа эсвэл юунд уурласнаа гэх мэт өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ тэр бүр анзаарч зохицуулж чаддаггүй. Энэ нь хүүхдийн тархины хөгжилтэй холбоотой ба насанд хүрсэн хүнийхтэй харьцуулбал дөнгөж л бүрэн гүйцэд дэлгэрээгүй нахиалж байгаа цэцэгтэй адил гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд асран хамгаалагч нар хүүхдийнхээ сэтгэл зүйн байдал, мэдрэмжийг нь маш сайн анхаарч хариу үйлдэл, арга хэмжээг авч байх хэрэгтэй. Тэгэхээр дүүтэй болсон хүүхэдтэйгээ харилцахдаа бид юуг анхаарах хэрэгтэй вэ?
1. Урьдчилан сэтгэл зүйг нь бэлдэх
Гэдэс тань томрох үеэс дүүтэй болох гэж буй хүүхдэдээ энэ талаар маш сайн тайлбарлаж, ярилцаж, асуултад нь хариулж байх. Өөрөөр хэлбэл энэ нь хүүхдийн сэтгэл зүйг бэлдэх боломж гэсэн үг. Жишээ нь: Миний хүү/охин удахгүй хөөрхөн жаахан дүүтэй болно, дүү гэдэг бол чамтай адилхан аав ээжийнх нь хүүхэд, дүүгээ том болохоор чи хамтдаа ийм ийм зүйлүүдийг хийж болно гэх мэт.
2. Чи аав ээжийнхээ хүүхэд хэвээрээ байна
Таны хүүхэд том ах, эгч болох нь танд сэтгэл хөдөлгөм байж магадгүй. Гэхдээ хүүхдэдээ тайлбарлаж өгөхөөс нааш хүүхэд том ах, эгч гэдэг үгийг тийм сайн ойлгохгүй. Тэгэхээр ах эгч ямар байдаг гэдгийг хүүхдэдээ тайлбарлах хэрэгтэй бөгөөд яриандаа аав ээжийн хайртай хүүхэд үргэлж хэвээрээ байна, хайрлахаа болихгүй гэдгийг маш сайн тусгаж өгөөрэй. Ихэнх томчуудад нярай хүүхэд мэндэлсний дараа ах, эгч нь биеийн хэмжээний хувьд, хөгжлийн хувьд харьцуулагдан том хүүхэд шиг санагдах тохиолдол цөөнгүй байдаг тул эцэг эхчүүд маань хүүхдээ өөрсдөдөө бага шүү дээ, жаахан шүү дээ гэдэг зүйлсийг байнга сануулж, дүүтэй болсон хүүхдэдээ хайраа үргэлж үйлдлээрээ болон үгээрээ илэрхийлж байгаарай. Энэ нь хайртай шүү гэдэг үгнээс эхэлнэ.
3. Дүүтэй болсон хүүхэд өөрийгөө илэрхийлэх
Дүүтэй болсон ихэнх хүүхэд ээжтэйгээ илүү их ойр дотно байх гэж хичээдэг бөгөөд энэ нь ээжийгээ ноолох, чимээ шуугиан ихтэй болох, биеийн хөдөлгөөн ихсэх, бухимдангуй байх, хэт их унтах гэх мэт үйлдлүүдээр илэрдэг. Эдгээрийг хийж буй хүүхэд далд айдастай, түгшүүртэй, сэтгэл хөдлөл их байх зэргийг илэрхийлдэг. Энэ тохиолдолд уурлах, хүүхдийг загнах бус хүүхэд танаас юу хүсэж байна гэдгийг тодруулах хэрэгтэй. Үүний дараагаар хүүхэдтэйгээ ярилцах, хүссэн зүйлсийг хамт хийх, илүү их цагийг ээж нь боломжгүй бол аав болон бусад гэр бүлийн гишүүн гаргах хэрэгтэй. Ингэснээр хүүхдэд хайр халамжаа дутуу авч байна, булаалгасан мэдрэмж төрөх гэх мэт сөрөг мэдрэмж үүсэхээс сэргийлэх боломжтой.
4. Хүүхдээсээ тусламж авах
Бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогт бусдыг даган дууриах, түүнээсээ суралцах, том хүмүүсийн хийж буй үйлдлийг амжилттай хийснийхээ дараа сэтгэл ханамж, өөртөө итгэлтэй байдал мэдрэх зэрэг багтдаг. Тиймээс бяцхан туслагчаа бухимдалгүй, сониуч, эерэг сэтгэл зүйтэй байгаа үед нь өөрийн хийдэг үйлдлүүдийг зааж өгөх, даалгах зэргийг хийлгээрэй. Үүнд нь жишээ нь:
– Дүүгийнх нь живх, даавууг нь авчруулах
– Хооллоход туслах
– Хувцсыг нь угаагаад дэлгэх хатаахад туслах
– Дүүгээ саатуулах,
– Дүүтэйгээ ярих
– Дүүгээ уйлахад аргадах гэх мэт маш олон төрлийн үйлдлүүд байж болно. Гол зүйл нь үүнийг дараагаар та хүүхдэдээ тохирсон магтаалыг хэлж байгаарай.
5. Хувийн орон зай
Том ах эгч болсон бяцхан хүүхдээ дүүдээ өг, чиний юм гэж юу байсан юм гэх зэргээр загнахаас аль болох татгалзаарай. Учир нь та үнэхээр хүүхдээ том ах эгч болгоё л гэж бодож байгаа бол хүүхдэд өөрийн орон зай хэрэгтэй. Үүнд өөрийнх нь эд зүйл, хувцас, алчуур, аяга, халбага, тоглоом гэх мэт маш олон зүйл хамаарна. Хүүхдэд эдгээрийг май, чинийх гээд өгөх үеэс “минийх” гэдэг мэдрэмж үүссэн байдаг. Тиймээс хүүхдийнхээ хувийн орон зай эд зүйлд хүндэтгэлтэй хандаарай.
6. Бага зэрэг атаархах нь хэвийн үзэгдэл
Магадгүй хүүхэдтэйгээ яг хамт байх гэж байтал нярай хүүхэд тань сэрэх уйлах үед хүүхдэдээ “жаахан дүүг нь очиж харах хэрэгтэй, энэ нь яаралтай байгаа, эргээд аав ээж нь хүрээд ирнэ ээ” гэдгийг хэлээрэй. Ах эгч болсон хүүхдээ шууд орхих бус, үүний дараагаар хүүхэд дээрээ заавал ирэх хэрэгтэй/өөрөөр хэлбэл худлаа ярьж болохгүй гэсэн үг. Энэ үйлдлийг хийснээр хүүхэд орхигдсон мэдрэмж авахгүй байх давуу талтай. Хэрвээ дүүгээс нь болж хүүхдэдээ цаг гаргалгүй өнгөрөөд байвал дүүдээ атаархах, дүүтэйгээ тэмцэлдэх, дүү аав ээжийг булаасан гэдэг мэдрэмжүүд төрөх эрсдэлтэй.
Дүүг нь дөнгөж төрснийх нь дараа хүүхдээ тусдаа өрөөнд байлгаж, тусад нь ганцааранг унтуулах нь тийм ч зөв алхам биш бөгөөд мэргэжилтнүүд дор хаяж гурван сарын дараа тусад нь унтуулж болно гэж зөвлөдөг. Хүүхэд дүүтэйгээ нэг өрөөнд аав ээжийнхээ хажууд байх нь насанд хүрэгчдийн харилцаа, хүүхдийн нийгэмшил, өөрийгөө илэрхийлэх байдал, хүнтэй харилцах харилцаа зэрэгт эерэг нөлөөлөлтэй. Өсвөр насны хүүхэд дүүтэй болоод, дүүтэйгээ эерэг харилцаатай байх үед өсвөр насны хүүхэд хямралаа даван туулахад ч чухал нөлөөтэй гэсэн судалгаанууд ч бий. Удаан хугацаанд томчуудын анхаарлын төвд байсан хүүхэдтэйгээ байнга цаг гарган ярилцаж байх нь дүүгээ эерэгээр хүлээн авахад нь тусалдаг, энэ харилцаа нь дүү дээр нь үргэлжлэн эерэг байх, дүүгээ хайрлах мэдрэмжийг бэхжүүлж байдаг тул эцэг эхчүүд та бүхэн том ах эгч болсон бяцхан хүүхдэдээ хайр халамжаа мэдрүүлж, сайхан үгсийг хэлж, чухал хэвээрээ гэдгийг нь ойлгуулж байгаарай.
Нийтлэл бичсэн: Сэтгэл судлаач Б.Энхлэн