Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулах боломж нэмэгджээ

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтийн үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон салбарт ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулах боломж улам бүр нэмэгдэж байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлж байна. Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч бид шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж ажиллалаа.


Эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлсний үр дүнд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой урсгал засвар үйлчилгээг хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн.

 

Салбарын шинэчлэлийн үр дүнг хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөх зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзжээ.


Эх сурвалж: ЭМЯ