Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулжээ.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Ачаа тээврийн терминал байгуулах),
- Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрэн ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар,
- Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн юм.
-Сангийн сайд Б.Жавхлан:
-"Манай улс дефолт зарлах аюулаас хол байна. Бид зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдсэн нь хэр сайн ажиллаж буйг харуулж байгаа юм. Монгол Улс ижилхэн зах зээлтэй орнуудаасаа нөхцөл байдал харьцангуй дээр байна. Бид дефолт зарлах гэж буй мэт мууг ярих нь зохисгүй. Ийм эрсдэлгүй үед энэ сэдэв рүү олон нийтийг турхирч байгаа хүчнээс бид болгоомжлох ёстой.
Өнөөдрийг хүртэл гарсан нийт 7 бондоос эхний нэг нь л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Тиймээс ажлын хэсгийн шалгах үйл ажиллагаа Чингис бондыг л түлхүү шалгаж, ямар эрсдэл бий болгосныг дэлгэх болно. Үүний 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болоод буй. Үүнээс үзвэл, бид өр тавих хэмжээ гэхээсээ илүү өрийн зарцуулалтад маш их анхаарах шаардлагатай."
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын салбар дахь авлигын асуудлыг шалгах чиглэлээр үүрэг даалгавар бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигын эсрэг үүрэг даалгавраа биелүүлж ажиллахыг хэлье.
Хоёрдугаарт, Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулж, Алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байх жишээтэй.
Энэ мэт үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно гэжээ.
Эх сурвалж: ЗГ