Ойрын хэдэн өдөр Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай цэргийн сургууль хийх Хятад улсын төлөвлөгөө нь арлын томоохон боомт, хот суурин газруудад аюул учруулах гэсэн оролдлого юм. Ийм мэдэгдлийг Тайванийн Батлан хамгаалах яам лхагва гарагт хийсэн байна.
"Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах эдгээр нэг талын хүчин чармайлт нь Хятад улсын олон улсын дүр төрхөд тус болохгүй бөгөөд Тайванийн хоолойн хоёр эргийн ард иргэдийн сэтгэлийг гэмтээж байна" гэж тус яам онцлон тэмдэглэжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ Тэнгисийн цэргийн хүчин болон Агаарын цэргийн хүчний цэргүүд наймдугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 7-ны хооронд Тайванийн эргэн тойронд зургаан бүсэд байлдааны буудлага хийнэ. Сургуулилалт хийх зургаан бүсээс гурвыг нь арлын захиргаа өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бүсэд сонгожээ. Ийм бүсүүдийн нэг нь баруун өмнөд эрэгт нь байрладаг Тайванийн хамгийн том боомт болох Гаошюнаас 20 хүрэх км-ийн зайд байгаа аж.
Үүний зэрэгцээ Хятадын “Global Times” сонинд мэдээлснээр, БНХАУ-ын Зүүн бүсийн байлдааны командлал мягмар гаргийн оройноос эхлэн Тайванийн хоолойд хол тусгалын их буугаар гал нээхээс гадна, Тайваниас зүүн зүгт усан орон зайд цөмийн бус цэнэгт хошуутай пуужин харвана.
ХАЧА-ийн томоохон сургуулилалтуудын талаарх мэдээ АНУ-ын Конгрессын доод танхимын дарга Нэнси Пелосигийн сууж явсан онгоц Тайванийн Суншань нисэх онгоцны буудалд газардсаны дараахан гарч эхэлсэн юм.