Украины үр тариа ачсан эхний хөлөг онгоц Ливаны зүг явж байна

Украины Одесса боомтоос Ливан руу эрдэнэ шиш тээвэрлэж яваа хөлөг онгоц чиглэлээ үргэлжлүүлж байна гэж Туркийн Үндэсний батлан хамгаалах яам мэдээлжээ. 


Тус яамнаас мэдээлснээр, Сьерра Леон улсын далбаан дор 26 мянган тонн эрдэнэ шиш ачсан "Razoni" хөлөг онгоц Хамтарсан зохицуулалтын төвийн мэргэжилтнүүдийн хяналт дор очих газар луугаа явсаар байна.


“Хөлөг онгоцны явах зам, хүмүүнлэгийн коридор, үзлэг шалгалт, аюулгүй байдал, хяналтын бусад нарийн ширийн зүйлийг төв дээр тохиролцсон журам, зарчмын дагуу гүйцэтгэж байна” гэж Туркийн Үндэсний батлан хамгаалах яам онцолжээ.


Хар тэнгисийн боомтуудын экспортын замыг чөлөөлөх тухай хэлэлцээрийн дагуу анхны хөлөг онгоц наймдугаар сарын 1-нд Украинаас хөдөлсөн юм. Уг хэлэлцээрийг Истанбулд долоодугаар сарын 22-нд байгуулсан билээ. 26 мянган тонн эрдэнэ шиш ачсан уг хөлөг онгоц өнөөдөр буюу мягмар гарагт Истанбулд иржээ. Тэнд хөлөг онгоцыг шалгасны дараа маршрутын дагуу цааш Ливаны эргийг чиглэн хөдөлсөн байна.  


НҮБ-ын мэдээлснээр, далайн аюулгүй коридороор Украинаас сар бүр 5 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломжтой байна гэжээ.

Эх сурвалж: BBC