Манай улсыг зорин ирж буй нэг жуулчин дунджаар 2500 ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий

Энэ сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгжээ. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Гандантэгчэнлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал нар оролцсон юм. 

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болж, олон танигдсан. Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно. Энэ жилийн  “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгсөн байна. 2018 онд тус наадмыг үзсэн 2400 жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй байгааг тодотгож байлаа. Түүнчлэн манай улсыг зорин ирж буй нэг жуулчин дунджаар 2500 ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс энэхүү наадам нь ковидын жилүүдэд хүндхэн байдалд орсон аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих ач холбогдолтой ажээ.

Эх сурвалж:НЗДТГ