"Замыг наймдугаар сарын 21-ний 00 цагт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа"

 Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил эхэлжээ. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байгаа. Үүнээс үүдэн Яармаг, Нисэхийн авто замын ачаалал нэмэгдэж, иргэд бухимдахад хүрээд буй юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн урьд шөнө Хан-Уул дүүрэг, Яармагийн авто замд тавьж буй явган хүний нүхэн гарц барих ажлын явцтай танилцан, газар дээр нь ажиллажээ. Энэ үеэр бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, зорчих хөдөлгөөнийг аль болох хурдан нээх хэрэгтэйг гүйцэтгэгчдэд хэлжээ. 


 Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын захиалгаар “Туулын гүүр далай” ХХК нүхэн гарцын ажлыг хийж гүйцэтгэж эхэлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Баярчулуун:

-Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Бэлтгэл ажлаа хангаж, зам сэтлэх зөвшөөрлөө Тээврийн цагдаагийн газраас наймдугаар сарын 1-ний өдөр авсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг аль болох түргэн шуурхай хийж гүйцэтгэх үүднээс бид хоёр ээлжээр, амралтгүй ажиллаж байгаа. 10 гаруй техник, 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өчигдөр шөнө л гэхэд бид 1200 куб метр шороог ухаж гаргасан, 220 куб метр хайргыг дэвсэж нягтруулаад бетон цутгасан. Цутгасан бетоноо хатааж байж дараагийн ажлууд хийгддэг онцлогтой. Ажил технологийн дагуу явагдаж байгааг онцолмоор байна.

-Иргэдийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг оройтож эхлүүлсэн юм биш үү гэж их шүүмжилж байгаа. Эрт эхлүүлэх боломж байгаагүй юу? Ажил хэзээ дуусах вэ?

-Бид түлхүүр гардуулах нөхцөлөөр энэхүү ажлыг гүйцэтгэж байна. Хавар эрт ажлаа эхлүүлэхээр тохиролцсон боловч LRT хөнгөн галт тэрэгний төсөлтэй уялдуулах үүднээс 4,5 дугаар сард ажил эхлүүлж амжаагүй. Зургаа, долоодугаар сард бичиг баримтын бүрдүүлэлт, технологийн шийдэл, зам сэтлэх зөвшөөрөл зэргийг гүйцэлдүүлж байгаад наймдугаар сарын 1-ээс ажлаа эхлүүлсэн. Зургаа, долоодугаар сард бид ажлын бэлтгэл хангаж, материал, техникээ бэлэн болгосон.Замыг наймдугаар сарын 21-ний 00 цагт нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүхэн гарц бүхэлдээ есдүгээр сард ашиглалтад орох юм. Нүхэн гарцын ойр орчмын ногоон байгууламжийг нөхөн сэргээж, хуучин хэвэнд оруулах гэхчлэн хийх ажил их бий  гэжээ.

Эх сурвалж:  НЗДТГ