Д.Батсүрэн дэлхийн аварга Магнус Карлсентэй 4 дэх өрөгт тогложээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө 4 дэх өргийн тоглолт болж Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөгч багуудтай тэнцжээ.

Норвегийн шигшээ баг Италийн шатарчдыг энэ удаа бараагүй. Ийнхүү 3 дахь өрөгт тэнцээ хийсэн ч баг нь хожигдсонд дэлхийн аварга Магнус Карлсен бухимдуу байсан юм. Олимпиадын 4 дэх өрөгт Норвеги-Монгол таарч Энэтхэгт болж буй дэлхийн шатрын олимпиадын нэг онцлох тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө 1 дүгээр ширээнд дэлхийн аварга Магнус Карлсен Монгол Улсын энэ жилийн аварга, Их мастер Д.Батсүрэнтэй тоглон ялалт байгуулжээ.

Монголын шатарчид Норвегиас тэнцээний оноо авч чадсан нь яалт ч үгүй бахархам амжилт билээ. Их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн тэнцээ хийж, С.Ган-Эрдэнэ хожилтой. Ингэснээр манай эрчүүд 4 өргийн дараа 2 хожил, 2 тэнцээтэй болжээ.


Монголын эмэгтэй баг өнгөрсөн шөнө Казахстаны багтай тоглож, мөн тэнцээ /2:2/ хийлээ. Эмэгтэйчүүд 3 хожил, 1 тэнцээтэй боллоо. Мягмар гарагт /08.02/ дэлхийн шатрын олимпиадын 5 дахь өргийн тоглолт болно гэжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг