УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Эх орончид гэх дүрээр халхлан төрийн хууль ёсны тогтолцоо,иргэдийн хувийн өмчид халдахаар бүлэглэх нь гэмт үйлдэл мөнөөс мөн!

Нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэх, хүч хэрэглэхэд өдөөн турхирах хүсэл хуулийн хариуцлагаас бултах гэсэн зарим этгээдийн санаа зорилгод л нийцэх нь тодорхой. Бидэнд энэ цаг үед эв нэгдэл, дэг журам, хамтын хүч юу юунаас илүү чухал. Улсын гадаад орчин ялангуяа маш эмзэг байна.

Даварсаар даварсаар, да ламын ширээн дээр гэгчээр хулгайлсан бохир мөнгийг нь хурааж, хуулийн хариуцлагад татахгүй байхаар “эх оронч гэгч хамгаалах бүлэглэл” байгуулан бусдыг айлгах, улмаар засгийн эрхийг авахаар илэрхий сүрдүүлж байгааг зүгээр хараад суух нь хүчгүй төрийн шинж!

Төрийн хүч хуульдаа, хуулийн хүч хариуцлагадаа оршдог.

Дарханы зам, Хөгжлийн банк, Зүүнбаян, Гашуун сухайтын төмөр замын асуудал гээд хариуцлагагүй, хулгай луйврын золиосыг бид бүгд үүрч хүртэж суугаа!

Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй байж зувчуулсан мөнгөө улс төрд оруулж ашиглахыг ямар ч ариун зорилгоор зөвтгөх хаацайлах аргагүй!

Нийгмийн тогтворгүй байдал үүсгэх, үймээн гаргах буюу экстремист үйл ажиллагаа явуулах тодорхой зорилготой бүлгийг бохир мөнгөөр санхүүжүүлэн зохион байгуулж байгаа нь илэрхий байна. Хууль хяналтын байгууллагууд эхнээс нь бүрэн хяналтдаа авч, хууль бус үйлдлийг нь таслан зогсоох ёстой!

Цаг үе эмзэг байгаа үед цэрэгжсэн маягийн дүрэмт хувцас, маск өмссөн этгээдийн үйлдэл илт идэвхжиж энэ нь хуульд нийцэх эсэх талаар иргэдээс асуух боллоо. Эх орончид гэх дүрээр халхлан төрийн хууль ёсны тогтолцоо, иргэдийн хувийн өмчид халдахаар бүлэглэх нь гэмт үйлдэл мөнөөс мөн!