Дорноговь аймагт цэвэрлэх байгууламж ашиглалтад оржээ

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд есөн аймагт шинэ цэвэрлэх байгууламжууд барьж байна. Энэхүү төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотод хоногт 3,000 м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Ар шанд Өвөр шандыг холбосон 4.4км бохир усны төв магистрал шугам зэрэг нийт 9.7 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд бүтцийн томоохон ажлуудыг хийж дууссан байна.

Сайншанд хотын дэд бүтцийг хөгжүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг нэмэгдүүлэх, орон нутгийн байгаль орчныг сайжруулж, хөрсний бохирдлыг бууруулах, цэвэрлэгдсэн усыг говь нутгийн ногоон байгууламж, мод тарих, зам талбайн усалгаанд дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой энэхүү төслийн барилгын гүйцэтгэгчээр “Комфорт импекс” ХХК ажиллаж, 2022 оны долдугаар сарын 27-ны өдөр ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын Яам