АНУ болон Европын орнууд сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг зогсоохын тулд үүний эсрэг вакцин гаргаж байна. Данийн биотехнологийн компанийн салхин цэцэг өвчний эсрэг бүтээсэн, 3 дугаар үеийн Имванекс вакциныг 2013 оноос хойш Европын холбооны орнуудад ашиглаж байгаа аж. Европын холбооны зөвшөөрлөөс өмнө, АНУ болон Канад улсад сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аль хэдийн зөвшөөрч, ашиглаж эхэлжээ.
Европын комисс, Данийн биотехнологийн Баварийн Нордик компанийн бүтээсэн салхин цэцэг өвчний вакциныг, одоо дэлхий нийтэд тархаад байгаа, сармагчны цэцэг өвчний эсрэг дархлаажуулах зөвшөөрөл олгосон байна. Тус компанийн бүтээсэн, Имванекс вакцин нь, сармагчны цэцэг өвчний вирусээс насанд хүрсэн хүнийг хамгаалах чадвар 90-ээс дээш хувьтай гэсэн шинжлэх ухааны дүгнэлтийг Европын эмийн агентлагаас гаргажээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр даваа гарагийн байдлаар дэлхийн 75 улс, нутаг дэвсгэрт 18,100 орчим тохиолдол бүртгэгджээ. АНУ-д хамгийн их тохиолдол буюу 3,846 тохиолдол бүртгэгдсэн бол үүний араас Испани, Герман, Их Британи, Франц удаалжээ. Парист мягмар гарагт вакцинжуулалтын төв нээгдсэн байна.
Тус төвийн ажилчид халдвар авсан байж болзошгүй хүмүүст тариа хийж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Мөн Францын засгийн газар 100 гаруй ийм төв нээж, 6000 гаруй хүнд тарилга хийсэн гэж мэдэгджээ. Францад бүртгэгдсэн тохиолдлын тал орчим хувь нь нийслэл Парист илэрсэн ба ийм вакцинжуулалтын төв нээгдсэнээр вакцин нэвтрүүлэх ажил эрчимжих төлөвтэй байна.
Эх сурвалж: DNN.mn