Улаанбаатар хотод 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байна

Уржигдар хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, хоёр автомашин, Аврах ангийн зургаан албан хаагч нэг автомашин, нэг завьтайгаар ажиллаж, усанд боогдсон долоон (4 том хүн, 3 хүүхэд) иргэнийг авран, аюулгүй байдлын ханган ажиллажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж байгаа ажээ. Үерийн аманд буусан айлуудыг үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг удаа дараа авч байгаа ч тухайн айлууд нүүдэггүй, үерийн далан, суваг барих газрыг чөлөөлдөггүйгээс бэрхшээл үүссэн хэвээр байна. Энэ тухайд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна” гэжээ.

Иргэдийг үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхааруулж байна.