Хувцас загварын чиг хандагыг тодорхойлогчдод зориулсан дэлхийн хэмжээний арга хэмжээ болох “Premiere Vision Paris” үзэсгэлэнд Монголын ноос, ноолуурын салбарын төлөөлөл оролцож, тогтвортой үйлдвэрлэлийн өнөөгийн явц, цаашдын хөгжлөө танилцуулжээ.
Энэхүү үзэсгэлэнд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй AVSF Mongolia ОУБ-ын STEPECOLAB төслийн багийн гишүүд У.Сарангоо, Б.Дөлгөөн нар ахлан оролцсон аж.
Тус үзэсгэлэнд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Дондогдорж, МННХ-ны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Баталгаажуулалтын албаны дарга Б.Батцэцэг, МБАНХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Энх-Амгалан, МХААХҮХ-ны Захирал Ц.Алтантуяа нар оролцжээ. Мөн ноолуурын салбартаа тогтвортой үйлдвэрлэлээр тэргүүлэх Говь Корпораци, Кашмир Холдинг, Сноу Филдс, Ханбогд Кашмир, Нанс Кашмир, Мөнхбумууд, Говь-Эрдэнэ Кашмир, Гурван Сор, Өгөөж Шим, Гоёл Кашмир гэсэн 10 компанийн төлөөлөл оролцож, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын томоохон бренд, худалдан авагчдад сурталчлан таниулах ажлыг хийцгээжээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"