Өнөөдөр 11 цагаас АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар дараах мэдэгдлийг хийлээ.
ОХУ-ын зэвсэгт хүчний 300 орчим зэвсэг техник, 1000 орчим албан хаагчид “Хамтарсан цэргийн сургуулилт” нэрийн дор Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирсэн талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний хэрэгслүүдээр удаа дараа мэдээлэгдэж, иргэд олон нийтийн зүгээс өөр өөрсдийн ойлголтоор тайлбарлахын зэрэгцээ айдас, хүйдэст автаж, санаа зовж байгаагаа ч илэрхийлсээр байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ талаар эрх баригчид буюу Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд холбогдох бүхий л байгууллага, албан тушаалтнуудын зүгээс өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээлэл, тайлбар хийгээгүй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ Хууль гарахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно... “ гэж заасан байдаг.
Гадаадын цэргийн хүчийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн байршуулах, дамжин өнгөрүүлэх үндэслэл болох 4-р зүйлд 4.1.4-т Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлаагүй гэж Засгийн газар шийдвэр гарсан байх шаардлагатай байна.
Гэтэл ОХУ нь Украйн улстай дайн хийж НҮБ болон бусад олон улс орнуудын хоригт орсон байхад хамтарсан цэргийн сургуулилт хийх нь урьд нь хийгдэж л байсан, уламжлалт зүйлс мэтээр зарим хүмүүс тайлбарлаж, үүнийг дэмжиж байгаагаа ч илэрхийлж байна.
Улс оронд эдийн засгийн хямрал бодитойгоор нүүрлэж, ард иргэдийн амьдрал өдрөөс, өдөрт уруудан доройтож байгаа энэ цаг үед бусад улс орон руу “цэргийн ажиллагаа” нэрийн дор цэрэг зэвсгийн хүчээр халдан түрэмгийлэл үйлдэж байгаа ОХУ-ын зэвсэг, техник олон тооны цэргүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулан ирж байгаа явдалд Ардчилсан намын гишүүд дэмжигчид төдийгүй ард иргэд санаа зовж, бас үүний учир шалтгааныг эрх баригчдаас асууж, албан ёсны тайлбар хийхийг хүсэж байна гэлээ.