Ерөнхий сайд М.Энхсайхан: Ардчиллын түүхэнд миний мэдэхийн ийм арга хэмжээ урд өмнө болж байгаагүй

   Юуны өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын гэгээн дурсгалыг хүндэтгэх гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж буй DENS.MN мэдээллийн сайтад гүнээ талархаж байна.

            Ардчиллын он жилүүдэд миний мэдэхийн ийм арга хэмжээ урд өмнө болж байгаагүй. Анхных нь болж байна. Юугаараа онцлог, юугаараа чухал арга хэмжээ вэ гэдэг талаар цөөн бодлоо хэлье.

            Нэгдүгээрт, Ардчиллын үед Хэлмэгдүүлэлтийн үнэн бодит түүх түмэн олноо ил болсон нь үнэн. Гэсэн хэдий ч шинэ залуу үедээ энэхүү түүхэн үнэнийг ой тойнд нь ортол, ягштал ойлгож, мэдрүүлэх, ийм хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх нийгмийн нөхцөл байдал бүрдүүлэх тал дээр төр болон иргэний нийгэмд хийх ажил асар их байгааг олон хүмүүст шинэ өнцгөөс ойлгуулахад тустай арга хэмжээ болж байна гэж харж байна. Хэлмэгдүүлэлт бол түүнд өртсөн олон хувь хүмүүс, гэр бүл, үр хүүхдүүдэд нь учирсан хувийн зовлон. Бусдын зовлон өвдөлтийг өөрөө дээрээ болж байгаа мэт мэдрэх мэдрэмж бол ардчилсан Монголын иргэн бүрийн өөрийгөө таних нэгэн шинж тэмдэг байх учиртай юм.

Хоёрдугаарт,  Энэхүү арга хэмжээг  Ерөнхий сайд Амарт Зөвлөлт Оросын Дээд Шүүхээс буудан алах ял өгсөн 7 дугаар сарын 10-ны өдөрт тохиолдуулан хийж байгаа нь тун шинэлэг юм. Манай төрийн зүтгэлтнүүдийг Зөвлөлт Орос хэлмэгдүүлэхдээ Монгол Улсыг тунхагласан эсвэл Монголын баяр наадам зэрэг тэмдэглэлт өдрөөр шүүж цаазалж байсныг сануулж байгаагаараа шинэлэг харагдаж байна.  Урд нь энэ өдрүүдэд түүхээ мэдэх цөөн хүмүүс дотроо битүүхэн өвөг дээдсдээ залбираад  бусдын адил баяр наадмын нүргээнд умбадаг байлаа. Энэ нь Коммунист Оросоос айх айдас, колони орны сэтгэлгээгээ таягдан хаяж чадахгүй байснаас тэр бизээ.  Тэгвэл энэ жил тэгсэнгүй. Анх удаа баяр наадмын өмнө олны анхаарал татахуйц хэлбэрээр Хэлмэгдүүлэлтэд өртсөн Ерөнхий сайдынхаа дурсгалыг хүндэтгэж гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Би шинэ үеийн залуусаараа, энэ санаачилга гаргасан сайтын хамт олон, сэтгүүлч дайчин бүсгүй Шинэбаяраар бахархаж байна.

            Гуравдугаарт, дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг ажваас Ерөнхий сайд Амарын коммунист Оросын Дээд Шүүхийн хуралдаан дээр хэлсэн үг өнөөгийн бидэнд хандаж хэлсэн үг хэмээн болгоохоор байна. Тэрбээр Монгол төрд арван гэр, багийн бичээчээс авхуулаад Ерөнхий сайд хүртлээ 30  гаруй жил зүтгэхдээ асар их туршлага хуримтлуулж, манж, түвд, орос хэл эзэмшсэн, Монголынхоо буурал түүхийг дэлхийн түүхтэй жишиж судлан таньсан холийн хараатай төрийн зүтгэлтэн байжээ гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг.

            Ерөнхий сайд Амарын бодлого, үйл ажиллагаа тухайн үед Коминтерн, Зөвлөлтийн бодлоготой зөрчилдөж, 1939 оны 3 дугаар сарын сүүлчээр Сталины тусгай удирдамжаар “ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч”, “Японы тагнуул, төлөөлөгч” хэмээх хилс ял тулган баривчилсан байдаг.

            1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ЗСБНХУ-ын Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Ерөнхий сайд Амар:

            “Би бол хэрэгтэн биш. …БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?… Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй… хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол Улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” гэж хэлжээ.

            Өнөөдөр ч түүний хэлсэн үг Зөвлөлт гүрнийг шинэ маягаар сэргээх гэсэн Хойт хөршийн Украинд хийж байгаа түрэмгийллийн өнгөн дээр онцгой ач холбогдолтой сонсогдож байна.

            “Үндэстнийг мөхөөе гэвэл сэхээтнийг нь устга” гэсэн үг бий. Энэ бол Их Гүрнүүдээс яагаад Хэлмэгдүүлэлт зохион байгуулдагын хураангуй томьёолол юм.

            Тусгаар Монголын төлөө Их Гүрний өмнө өвдөг сөхрөөгүй Коммунизм болон Их Гүрний дээрэнгүй үзлийн шуурганд амиа өргөсөн Амар сайд, мянга мянган хэлмэгдэгсдээ эргэн дуурсаж байна.

            Үзэсгэлэн Монголын эрх ашгийг ухаарсан, сэхээрсэн үндэстний сэхээтнүүдэд урам хайрлах болтугай

                              М.Энхсайхан 2022.07.09