Коронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзжээ.
Замын-Үүд боомтоор өдөрт 800-1,000 тээврийн хэрэгсэл хилээр орж гардаг ачаа тээврийн урсгалыг 2021 оны дөрөвдүгээр сард өдөрт 20-100 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хязгаарлалт тогтоосон байх үед тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй жолооч нар 2-2.5 сая төгрөгийн ханштай байсан нэг удаагийн ачаа тээврийн хөлсийг 20-25 сая төгрөг хүртэл өсгөсөн аж.
Тээврийн үйлчилгээний үед гарах зардал өсөөгүй, тээвэрлэлтийн зам, зай өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад ачаа тээврийн урсгал эрс хязгаарлагдсан, цар тахлын онцгой нөхцөл байдлыг ашиглан ачаа тээврийн үйлчилгээний хөлсийг ийнхүү огцом нэмэгдүүлсэн нь чөлөөт зах зээлийн шударгаар өрсөлдөх зарчим биш, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулсан хясан боогдуулсан шинжтэй, хэт өндөр үнэ төлөх нөхцөл байдлыг үүсгэж, хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн гэж шүүх үзжээ.
Мөн “Өрсөлдөөний тухай хууль нь зөвхөн аж ахуйн нэгжид хамааралтай” гэж маргасныг шүүх хүлээж аваагүй аж. Учир нь хувь хүн зах зээлд аливаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд өрсөлдөөний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зах зээлд шударгаар өрсөлдөх үүрэгтэй гэж үзсэн аж.
Ингээд үндэслэлгүйгээр үнээ нэмсэн тээврийн үйлчилгээнээс жолоочийн олсон орлогыг хурааж, улсын орлогод үлдээжээ.