Иргэн Г.Хажидмаа МУ-ын соёлын сайд Ч.Номинд огцрох шаардлага хүргүүлэхээр хоёр дахь удаагаа соёлын яамны гадаа иржээ. Тэрбээр 2022.05.04-нд эхний жагсах шаардлагыг хүргүүлсэн аж.
Түүний хэлснээр: "Ч.Номинг Соёлын сайдын албан тушаалд очсон цагаас нь эхлэн харлаа. Уг нь Соёлын сайд гэдэг хүн үндсэрхэг үзэлтэй, соёлын талаар өндөр мэдлэгтэй байх ёстой. Гэтэл Ч.Номин сайд болох үедээ төрийн ордонд тангараг өргөхөөс эхлээд монголын ард түмнийг доромжилсон. Харамсалтай нь энэ үйлдэлдээ өдийг хүртэл уучлалт гуйгаагүй. Дараа нь бурхны хөшөө, цирк барина гэх мэт шаардлагагүй зүйл дээр анхаарч байгаа харагдаж байна. Тийм учраас соёлын сайдыг огцруулах талаар шаардлага өгөхөөр ирсэн юм. Миний бодлоор Соёлын сайд гэдэг хүн эхлээд Монгол Улсынхаа иргэдийг соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй. Дараа нь төрийн албан хаагч нарын гаргадаг хүнд суртлыг алга болгох ажлыг дэмжиж, сурталчлах ёстой. Мөн авлига авч байгаа ёс суртахуунгүй төрийн түшээдэд соёл гэдэг зүйлийг түгээн дэлгэрүүлэх ёстой. Гэтэл Ч.Номин энэ чиглэлийн ямар ч ажил хийхгүй байна. Тийм учраас огцруулж, оронд нь соёлын талаар өндөр мэдлэг эзэмшсэн хүнийг томилох хэрэгтэй. Ядаж л гаднын орноос жуулчин хүлээж авахаас өмнө Улаанбаатар хотынхоо дүүргүүдэд стандартын шаардлага хангасан бие засах газартай болмоор байна. Нийтийн бие засах газар хомс байгаагийн улмаас хашааны буланд гадаадын иргэн бие засаад зогсож байгаа талаар мэдээлэл хүртэл цацагдсан шүү дээ. Төрийн өндөр албан тушаал танд тохирохгүй байна, Соёлын сайд аа. Тиймээс та ажлаа хүлээлгэж өгнө үү хэмээн хоёр сарын өмнө шаардлага хүргүүлсэн боловч зохих хариуг өгөөгүй. Миний хувьд төрийн ордонд соёлын сайд Ч.Номинтой таарсан бөгөөд иргэний өгсөн шаардлагад хариу өгөхгүй байгаа нь хууль дүрмээ мэдэхгүй байгааг тань харуулж байна гэхэд тэрбээр өөрийн амаар хариу өгөх болно гэж хариулсан ч огт өгөөгүй өдийг хүрлээ. Та бүхэн соёлын яамны үүдэн дэх урагдсан, гундсан далбааг харж байна. Ганц далбаа сольчих сэтгэлгүй хүнээс бид юу хүсэх юм бэ?" гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад хариулжээ.
- Та дараагийн соёлын сайдаар хэнийг сонгогдоосой хүсэж байна? Ер нь энэ олон яамдууд байхад соёлын яам байх хэрэгтэй юу?
МУ-ын эдийн засаг хямралтай, төсөв дууссан гэж ярьж буй төрийн түшээдэд хандаж хэлэхэд ийм хэцүү цаг үед их мөнгө үрэн байж Ч.Номинд зориулж яам байлгах шаардлагагүй. Ганц би ч биш Монголын ард түмэн энэ яамыг байх шаардлагагүй гэж үзэж байна.