Жиү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жил Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Олон улсын жиү жицүгийн холбоо, Монголын жиү жицүгийн холбоо АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотноо болсон хурлын үеэр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж.
ОУЖЖХ-ны Ерөнхий захирал Йоахим Тумфарт гэрээ байгуулах үеэр өгсөн ярилцлагадаа “Бид маш их баяртай байна. Ирэх жил манай холбоо маш шахуу хуваарьтай байгаа. Азийн наадмын шинэ тов удахгүй гарна. Арваннэгдүгээр сард нь Тайландад Азийн тулааны спортын танхимын наадамтай. Тиймээс насанд хүрэгчдийн ДАШТ-ийг долдугаар сард төлөвлөсөн. Монголын үндэсний баяр наадамтай ойролцоо төлөвлөгдсөн байгаа. Хэдэн жилийн өмнө бид Улаанбаатарт Азийн АШТ-ийг маш амжилттай зохиож байсан учир бид дахин очих, дэлхийн шилдгүүдийг урьж цуглуулахдаа баяртай байх болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Насанд хүрэгчдийн ДАШТ хамгийн сүүлд АНЭ-ын нийслэл Абу Дабид 2019 онд болсноос хойш дахиж зохиогдоогүй байгаа бөгөөд энэ жилийн ДАШТ ирэх аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 5-ны хооронд Дубай хотноо болох аж.