Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж амьдарч буй монголчууд, Монголын Шагайн холбоо, “Үүрдийн Монгол” ТББ болон 1252 оны орчим Их Монгол Улс руу аялж байсан Гийом дө Рубрукын нэрээр нэрлэгдсэн Рубрук хотын Засаг даргын тамгын газар, Гийом дө Рубрук нийгэмлэг тус тус хамтран Монгол Улсын Үндэсний баяр наадмыг 7 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Наадмын үйл ажиллагаанд тус нутгаас сонгогдсон Сенатын гишүүн Жан-Пьер Дэкол, хотын Засаг дарга Лүк Эвэраэр, нийгэмлэгийн тэргүүн хатагтай Шантал Гобиюу нарын албаны хүмүүс оролцон баяр хүргэж үг хэлсэн аж.
Наадмын нээлтэд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр мэндчилгээндээ энэ сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Хилийн чанад дахь Монголчуудын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хилийн чанадад төрж, өсөж байгаа монгол хүүхдүүдэд зориулж, эх орондоо ирээд нүүдлийн соёлын боловсрол эзэмших зуслангууд бүсчлэн байгуулах, “Монгол наадам”, урлаг соёлын өдөрлөгийг Ази, Европ, Америк, Австрали тивд ээлжлэн зохион байгуулах асуудлыг өөрийн ивээлд авч хэрэгжүүлэхээ зарласныг мэдээлж, мөн Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зарлигт Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсныг онцолсон аж.
Рубрук хотноо тэмдэглэсэн энэ удаагийн наадамд Европ дахь Монголчууд, ялангуяа шагайн харваачид өргөнөөр хүрэлцэн ирж цэц мэргэнээ сорьсон бөгөөд язгуур урлагийн Аргусан хамтлаг тоглолтоо толилуулсан нь франц, монгол үзэгч олны сонорыг ихэд мялаажээ. .