СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нууранд 3 иргэн осолджээ

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Их шийрийн дөрвөлж гэх газар гэр бүлийн 12 хүн аялж явснаас хоёр том хүн, нэг хүүхэд Тэлмэн нуурын усанд сэрүүцэх гэж ороод живж нас баржээ.

Энэ тухай дуудлага долоодугаар сарын 13-ны өдрийн 16:35 цагт Тосонцэнгэл сумын Онцгой байдлын газар иржээ. Улмаар Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид долоодугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 08:37 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн М/33 настай, эрэгтэй/, Х /33 настай, эмэгтэй/ нарын цогцсыг нуурын эргээс 5 метрт, 3.5 метрийн гүнээс, 09:45 цагт Д /8 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 6 метрт, 4 метрийн гүнээс тус тус олж, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн сум дундын хэлтэст шилжүүлэн өгсөн байна.