Унгар улс онц байдал зарлажээ

Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнтэй холбогдуулан Унгар улс онц байдал зарлажээ. Тус улсын засгийн газар дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байна.

Унгарын Ерөнхий сайдын тамгын газрын дарга Гергели Гуляс бүс нутгийн эрчим хүчний хямралд Украины дайн болон ОХУ-д тавьсан Европын холбооны хориг арга хэмжээг буруутгав. Тэрээр Будапештэд болсон хэвлэлийн бага хурал дээр "Европ тив намар, өвлийн халаалтын улиралд хангалттай хийгүй байх магадлалтай" гэжээ.

Унгар жилийн байгалийн хийн олборлолтоо 1.5 тэрбум шоо метрээс хоёр тэрбум шоо метр болгож нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж, Матра дахь хүрэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг сэргээхээр төлөвлөж байна. Унгарын цорын ганц атомын цахилгаан станц үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд ажиллах хугацаагаа уртасгах болов.Мөн иргэдэд хэрэглээгээ зохицуулж, илүү гарсаныг нь зах зээлийн үнээр төлөх үүрэг өгчээ.

Засгийн газар хуралдаж, Европын эрчим хүчний онцгой байдлыг хэлэлцсэний дараа дээрх мэдэгдлүүд гарчээ.

Унгар улс ОХУ-аас олборлосон түлшнээс ихээхэн хамааралтай. Тухайлбал өнгөрсөн онд Газпромтой байгалийн хий худалдан авах 15 жилийн гэрээ байгуулсан. Тус улс нь газрын тосны хэрэгцээнийхээ 65 орчим хувийг, байгалийн хийн хэрэгцээний 85 хувийг Оросоос авдаг аж.

Унгарын ерөнхий сайд Оросын нефтийн экспортод хориг арга хэмжээ авах тухай Европын холбооны саналын эсрэг байр суурьтай байсан. Ийм арга хэмжээ нь Унгарын эдийн засгийг сүйрүүлнэ гэж үзжээ.

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто ямар нэг өөр улсаас 700 сая шоо метр хий нэмж худалдаж авахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.