Долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Ерөө, Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ.
Мөн Үүр, Зэлтэр, Онон, Улз голын адаг болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см, Хархираа гол үерийн аюултай түвшинд хүрч тус тус хүчтэй үерлэж байна.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 15-нд Сэлэнгэ мөрөн Хутаг-Өндөр сум, Зүүнбүрэн сум орчим болон Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна.
Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.