ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей Орхоны хөндийн соёлын дурсгалт газартай танилцжээ

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад энэ оны долоодугаар сарын 10-14-ний өдрүүдэд хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Хустайн нурууны шим мандлын нөөц газарт тус тус зочложээ.Ерөнхий захирал Одри Азулей, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид долоодугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2004 онд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт зочилж, тус газрын хадгалалт, хамгаалалт болон үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ хүрээнд Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт тулгамдаж буй бэрхшээл, үүнд нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлт өв соёлын хадгалалт хамгаалалтад хэрхэн нөлөөлж буй болон энэхүү соёлын өвөө хойч үедээ өвлүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар Хархорин сумын нутгийн болон тус газрын хамгаалалтын захиргааны удирдлагуудтай санал солилцжээ.Түүнчлэн Хархорум, Эрдэнэ зуу музейг үзэж сонирхохын зэрэгцээ Хархорин дахь Эрдэнэсийн хүрээ уран бичлэгийн төвөөр зочилж Соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад бүртгэгдсэн Монгол бичгийн соёлтой танилцсан аж.

Ерөнхий захирал О.Азулей долоодугаар сарын 13-ны өдөр 2002 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нурууны шим мандлын нөөц газраар зочилж, биологийн ховордсон төрөл зүйл, үүнд тус газарт амжилттай сэргээн нутагшуулсан зэрлэг адуу тахийн хадгалалт хамгаалалт, аж байдалтай танилцжээ.