"Энержи Ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “ГАВЪЯАТ УУРХАЙЧИН” цол, тэмдгээр шагнагдлаа

 Өнөөдөр "Энержи Ресурс" компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэл, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ГАВЪЯАТ УУРХАЙЧИН” цол, тэмдэг олгожээ.

Органик химийн ухааны докторын зэрэгтэй тэрээр хувийн хэвшил, уул уурхайн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа аж.  

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Өмнийн говь, Ухаа худагийн хөндийг эзгүй тал байхаас эхлэн Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр бүхий цогц бүтээн байгуулалтыг хийж, олон улсын зах зээлд Монголоосоо анхдагч болж, өнөөдөр үндэсний тэргүүлэгч уул уурхайн компани болтол өсөн хөгжих багагүй урт замд Г.Батцэнгэл нь голлох үүрэг гүйцэтгэсээр иржээ.  

"Энержи Ресурс" компанийн ажилчдын зүгээс "дэлхийн жишгийн уул уурхайн төслийг Монголчууд, тэр дундаа хувийн хэвшил гардан хийж чадахыг харуулж, "Энержи Ресурс" гэх “их айл”-ыг удирдаж яваа Г.Батцэнгэл Танд нийт хамт олон, хамтран ажиллагсад, харилцагчдынхаа өмнөөс баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсье" гэжээ.