Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлжээ.
Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.” гэсэн заалтууд тус тус нэмэх, төслийн 7 дугаар зүйлд “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 7.1-д заасан төхөөрөмжгүй байж болно.” гэсэн 7.2 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн аж.
Мөн төслийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “этгээдэд” гэсний өмнө “ашгийн төлөө хуулийн” гэж, мөн зүйлд “Энэ хуулийн 17.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.”, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 17.3-т заасан арга хэмжээ зохион байгуулагчтай гэрээ байгуулсан байна.”, “Энэ хуулийн 17.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 17.2-т заасан цагийн хязгаарт нийцсэн байна” гэсэн агуулгатай 17.3, 17.4, 17.5 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.