Украины дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд зөрчил мөргөлдөөний улмаас хамгийн багадаа 35 хувиар агшина гэж тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдээлснийг эш татан “Interfax” агентлаг уламжилжээ.
Швейцарт болж буй Украиныг сэргээн босгох асуудлаарх бага хурлын үеэр Д.Шмыгаль хэлэхдээ, Украины эдийн засаг зөрчлийн эхний долоо хоногуудаас үүдэлтэй “шок”-оос сэргэж эхэлсэн гэжээ.
Засгийн газар үр тарианы тариалалтыг “харьцангуй амжилттай” явуулж, баруун хилийн дагуу ложистикийг сэргээсэн гэж тэрбээр хэлээд, эдийн засаг олон сорилттой тулгарсан хэвээр байгааг цохон тэмдэглэжээ.
Улсын статистикийн газрын мэдээлснээр, 2022 оны 1-3 дугаар сард Украины ДНБ өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар буурсан аж.
Украины Үндэсний банкны тооцоогоор энэ оны хоёрдугаар хагаст эдийн засгийн агшилтын хурд арай бага байх боловч Украины бодит ДНБ жилийн хугацаанд 30 гаруй хувиар буурах төлөвтэй байна.