Өнөөдөр АН-ын 4.11 мэдээллийн цагаар
АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Эрдэнэсувд 7-р сарын 2-нд болж өнгөрсөн тус намын XIV их хурлаас гаргасан дараах шийдвэрүүдийг танилцууллаа.1. Улс төр, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг төлөөлөгчид хэлэлцэн гарц, шийдлийг тодорхойлсон.
Үүнд: МУ-ын эдийн засаг гүн хямралд орж, төгрөгийн ханш тасралтгүй унаж гадаад өр 33,9 тэрбум ам долларт хүрч нэг хүнд оногдох гадаад өр 10,000 ам долларт хүрч, аюулын харанга дэгдэж, ДНБ-ий хувь буурч, хүнсний болон өргөн хэрэглээ, шатахууны үнийн өсөлт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Ийнхүү ард, иргэдийн амьдрал хүндэрч байх үед УИХ нь хууль тогтоох үйл ажиллагаагаа хэт улс төржүүлж бүлэглэн завшсан гишүүдтэйгээ хариуцлага тооцохоос зайлсхийж, хууль тогтоож хувийн өмчийг булаан авахаас өөр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа болон иргэдийнхээ өмнө үндсэн хууль, холбогдох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ-ыг тараах буюу УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах шаардлагыг олонхоор дэмжжээ.
2. Мөн АН бүтцийн байгууллагуудын бүрэн эрхийн хугацааг батламжилсан аж. Үүнд үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа мөн дотоод сонгуулийн хороон болон үндсэн дүрмийн хорооны гишүүдийн бүрэн эрхийг баталжээ.
Мөн үндэсний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг /2022.06.30/ батламжилсан.
Энэ нь АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь АН-ын дарга С.Эрдэнэ мөн болох 36 тоот тогтоолыг ИХ-ын төлөөлөгчид олонхоороо дэмжин баталжээ.
Мөн энэ үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр дараах албан бичгүүдийг гаргасан тухайгаа танилцуулсан юм.
Тэрбээр:
1. "МУ-ын ерөнхийлөгчид хандан хориг тавих хүсэлтийг гаргажээ. Энэ нь АН-ын бүлэгтэй холбоотой асуудалд эрх баригчид олонхоороо түрж хялбаршуулсан буюу түргэвчилсэн гэж нэрлэсэн боловч үнэндээ хуйвалдааны аргаар нэгэн хуулийг баталсан. Анх АН-ын бүлэг УИХ-д сонгогдохдоо 11 гишүүнтэй байсан. Үүнээс 3 нь дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн. Ингээд манай намын бүлэг 8 гишүүнтэй үйл ажиллагаа явуулсан. Улс төрийн тухай хуулиар аливаа нам эвсэл бүлэгтэй байхын тулд 8-аас доошгүй гишүүнтэй байх ёстой гэж заасан байдаг. Энэ хуйвалдааны хууль батлагдсаны балгаар УИХ-ын гишүүн Д.Ганбат манай бүлгээс гарснаар 7 гишүүнтэй болж АН бүлэггүй болсон. Энэ хуулийг баталснаар МУ-д бүлэгтэй ганц нам нь МАН болж хувирсан. Зарчим эвдэж хууль зохиохоор ингэдэг юм"
2. Дээрх хуультай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар-т хандан дараах албан шаардлагыг хүргүүлж байна.
МУ-ын ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дуусах хүртэл энэ хуулийг хэрэгжүүлэх эрх байхгүй гэдгийг сануулъя. УИХ хуулиа дээдэлж ажиллах үүрэгтэй. Хэрвээ энэ хуулийг зөрчиж ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэнд халдвал УИХ-ын дарга үндсэн хууль зөрчсөн учраас огцрох ёстой" гэжээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
- ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалыг танай намынхан хэрхэн хүлээн авч байна вэ?
- "Бид энэ тухай намынхаа XIV их хурлын үеэр ч хэлэлцсэн. Ямар ч том гүрэн байсан буруу бодлого баримталвал амархан бууран доройтдог гэдгийг бид олон үйл явдлаас харлаа. Саяхан л дэлхийн их 8 улсын нэгд тооцогддог байсан ОХУ удирдагчийнхаа харалган бодлого, түрэмгийлэл, хүчирхийлэл дайныг өдөөснөөс болж дэлхийн том гүрэн биш жижиг гүрэн болж хувирлаа.
Өмнө нь ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров дэлхийн аль ч улсад айлчилж, ОХУ-ын бодлогыг илэрхийлж, тус улсын гадаад гарах цонх нь байсан бол өнөөдөр МУ-аас өөр хүлээж авах улсгүй болтлоо доройтжээ.
Лавровыг манай улсад ямар нэгэн тулгалт хийхээр ирж байхвий хэмээн хардаж байна.
Энэ нь манай улсын бензиний үнийг буулгаж өөрсдийн эдийн засгийн хамтын ажиллагааны холбоот (Киргиз, Беларус)-д нэгд гэж хүчилж болзошгүй. Энэ холбоотод багтдаг улсууд нь ОХУ-ын халаасанд байдаг улсууд юм. Үүнрүү МУ хэзээ ч орж болохгүй. Манай улсын үндэсний аюулгүй байдалд халдаж байгаагаас ялгаагүй үйлдэл" гэж хариулсан аж