Монголын 4 марафонч ДАШТ-д оролцоно

Хөнгөнатлетикийн ДАШТ АНУ-ын Орегон мужийн Южин хотноо энэ сарын 15-нд эхлэх гэж байна. "Орегон-2022" ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцох аж. Тодруулбал, эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аварга Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Д.Гантулга (эрэгтэй марафонд Монголын дөрвөн тамирчин ДАШТ-ий entry standard биелүүлсэн боловч нэг зай төрөлд нэг улсаас дээд тал нь гурван тамирчин л ДАШТ-д оролцох эрхтэй байдаг тул манайхаас дээрх гурван тамирчин оролцох болсон), эмэгтэйчүүдийн марафонд Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Доржпалам , Т.Шийтэрчулуун нарын удирдлага доор оролцох ажээ.

"Орегон -2022" ДАШТ-ий эрэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 17-ний өглөөний 06.00 цагт (АНУ-ын баруун эргийн цагаар), эмэгтэйчүүдийн марафон долоодугаар сарын 18-ны өглөөний 06.00 цагаас тус тус гараанаас гарах бөгөөд АНУ-ын "NBC Sports" телесуваг шууд дамжуулан үзүүлэхээр болжээ. ДАШТ 1983 онд анх зохиогдож, дөрвөн жилд нэг удаа болдог байсан бол 1991 оноос хойш хоёр жил тутам зохиогддог болжээ.